“TikTok”-ийн хэрэглэгчдийн тоо нэг тэрбум давжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-28 14:14:41

БЭЭЖИН. /DW/. TikTok” нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо энэ зун нэг сая давсан талаар богино хэмжээний дүрс бичлэг байршуулдаг тус хавсралт даваа гарагт мэдээлжээ.


Энэ нь нэг жил гаруйн хугацаанд 45 хувиар өссөн үзүүлэлт юм.


Хятадын технологийн “ByteDance” компани дөрвөн жилийн өмнө анх хэрэглээнд нэвтрүүлж байсан “TikTok”-ийн хэрэглэгчдийн тоо коронавирусний цар тахлын улмаас хөл хорио тогтоож, сургуулийн сургалтыг түр зогсоож, хүмүүс гэрээсээ ажиллах болсны дараа эрс нэмэгджээ.


Тодруулбал, Хятадад “Douyin” хэмээх нэрээрээ алдартай энэхүү хавсралтын хэрэглэгчдийн тоо нь “ByteDance” хэрэглэгчийнхээ тоог хамгийн сүүлд танилцуулсан 2020 оны долоодугаар сараас хойш 300 сая гаруйгаар нэмэгдсэн байна.


TikTok” нь дууны аянд тохируулан бүжиглэж буй дүрс бичлэгээ байршуулах боломжтойгоороо хэрэглэгчдийн дунд алдаршжээ. Тийнхүү үзэгчдийн хүрээг тэлж, “YouTube”-тэй өрсөлдөхийн тулд тус платформ долоодугаар сарын эхэн үеэс дүрс бичлэгийн үргэлжлэх хугацааг 15 секундээс гурван минут болгон сунгасан байна.


ByteDance” өнгөрсөн оноос сурталчилгаа явуулах нөхцөлийг сайжруулж, энэ оны наймдугаар сарын сүүлээс эхлэн контент бүтээгчдийн дүрс бичлэгийн платформд санал болгож буй бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлэн өгчээ. Мөн цаашид платформын хэрэглээгээр дамжуулан илүү их орлого олохоор төлөвлөж байгаа ажээ.


TikTok”-ийн мэдээлснээр, АНУ, Европ, Бразил, Зүүн Өмнөд Ази нь уг платформын хамгийн том зах зээлүүдэд тооцогдож байна. Энэ оны эхээр “ByteDance” компанийн гүйцэтгэх захирлаар тус компанийн санхүү хариуцсан захирал, Сингапурын иргэн Шузи Чуг томилжээ. 

Холбоотой мэдээ