Японд хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэх хоёр дахь эмийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-09-28 14:51:02

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам коронавирусээр халдварласан хөнгөн өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэх хоёр дахь эмийг баталжээ. Тус улс өмнө нь эсрэг биетийн коктейлийг “COVID-19”-ийг эмчлэхэд ашиглахыг зөвшөөрсөн юм.


Даваа гарагт Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг Их Британийн “GlaxoSmithKline” эмийн компанид үйлдвэрлэсэн “сотровимаб” эмийн үр дүн, аюулгүй байдлыг үнэлж, орой нь яамнаас хэрэглэх зөвшөөрөл олгожээ.


“Сотровимаб” нь коронавирусийг сулруулдаг саармагжуулагч эсрэг биет бөгөөд судсаар хийдэг байна. Энэхүү эмийг амьсгалын аппарат шаардлагагүй боловч хүндрэх эрсдэл өндөр хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдэд хэрэглэнэ.


Хилийн чанадад явуулсан эмнэлзүйн туршилтаар “сотровимаб” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 79 хувиар бууруулж буйг тогтоожээ. Тавдугаар сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар уг эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосон байна.  

Холбоотой мэдээ