ХАҮТ-ын хуулийн төсөлтэй холбоотой мэдэгдэл гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-10-25 18:57:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар хэлэлцэх гэж буй “Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Худалдааны Танхим, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Мэргэжлийн холбоодын нэгдсэн Зөвлөлийн гишүүд хамтран мэдэгдэл гаргажээ. УИХ-ын дарга болон гишүүдэд хандсан уг мэдэгдэлд, “Цар тахлын улмаас Монгол Улс олон бэрхшээлтэй тулгарч байгаа энэ цаг үед УИХ эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах олон хуулийг батлахаар шаргуу ажиллаж байгаад бизнесийн төлөөллийн байгууллагын бид талархаж байна.

Эдгээрийн нэг нь “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” юм. Харамсалтай нь энэ хуулийн төсөл нь бүхэлдээ ялангуяа 5, 6 дугаар зүйл, 3, 4, 5 дугаар бүлэг Монгол Улсад төвлөрсөн дэглэм тогтох эхлэлийг бий болгож, бизнест оролцох төрийн оролцоог нэмэгдүүлэн, зах зээлийн эрүүл, чөлөөт өрсөлдөөнийг үгүй болгож, улс орны хөгжлийн төлөө дуугарах хувийн хэвшил, иргэд, мэргэжлтнүүдийн дуу хоолойг хаах нь.



Монгол Улсын сүүлийн 30-аад жил бий болгож байгаа зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгмээс ухраах маш том алхам болох болно гэж Улаанбаатар Хотын худалдааны Танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн 56 мэргэжлийн холбоод болон тус хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон гадаад, дотоодын ХАҮТ-ууд, ТББ-ын төлөөлөл үзэж байна.




Улмаар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлж, хот, хөдөөгийн ялгааг арилгах, хөдөө орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах талаар яриад ч нэмэргүй болгох өндөр эрсдэл дагуулж байна. Манай улсын эдийн засгийн бүх салбарт мэргэжлийн олон холбоо, ТББ ажиллаж өөрсдийн хөгжлийн тодорхой түвшинд хүртэл хөгжин, дотооддоо төдийгүй гадаад зах зээл, олон улсын байгууллагад хүлээн зөвшөөрөгдөн олон чиглэлээр өөрийн салбарыг хөгжүүлэхээр амжилттай ажиллаж тодорхой үр дүнд хүрээд байна.

Гэтэл энэ хуулийн төслийг баталсанаар эдгээр мэргэжлийн холбоод, ТББ цаашид оршин тогтнож, салбарын хөгжлийг мэргэжлийн өнцгөөс харж хөгжүүлэх боломжгүй болгох нь. Иймээс 10 дугаар сарын 20-нд УБХТ, “Мэргэжлийн холбоодын зөвлөл”-өөс зохион байгуулсан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-т оролцсон бүх оролцогч бид энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна.

Түүнчлэн бид энэ хуулийн төслийг эргэн харж мэргэжлийн холбоод, гадаад, дотоодын бүх ХАҮТ-ууд, ТББ-ын саналыг авсны үндсэн дээр олон улсын жишигт нийцсэн ХАҮТ-уудын тогтолцоог бий болгох замаар бүс нутгийн хөгжил, мэргэжлийн холбоод, эдийн засгийн салбаруудын хөгжлийг дэмжихийг шаардаж байна” гэжээ



Холбоотой мэдээ