“Ирвэсийн эх нутаг-2021” үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-06 12:55:21

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өөрийн холбогдох байгууллагуудтай хамтран “Ирвэсийн эх нутаг-2021” үйл ажиллагааг “Ирвэс өөрийнхөө л хоолондоо дуртай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв.

Энэхүү үйл ажиллагаанд цоохор ирвэсийн тархац бүхий Бөхмөрөн, Ховд, Түргэн, Сагил, Тариалан сумын болон аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубийн багш, сурагчид оролцжээ.

"Цар тахлын улмаас “Ирвэсийн эх нутаг-2021” үйл ажиллагааг бид цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг цоохор ирвэсийн тархац бүхий сум болон аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн багш, сурагчид оролцож өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн төлөвлөгөө баталсан. Мөн цоохор ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтдын хамгааллыг сайжруулах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах талаар ярилцаж, аймгийн “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах саналаа нэгтгэлээ.

Баруун бүс нутагт янгирын хулгайн агнуурыг бууруулах явдлыг орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолойгоор дамжуулан хүргэх зорилгын хүрээнд “Уул ирвэс хоёр” сэдэвт төслийн үр дүнг танилцуулан олон нийтэд сурталчилгаа хийх, “Гүемийн хоол” нэртэй буланг сумдын цэцэрлэгүүдэд байгуулан Эко клубийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, идэвх оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг өмнө нь бид зохион байгуулсан” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Энхтуяа хэллээ.

Киргиз улсын нийслэл Бишкек хотод 2013 оны 10-р сарын 22-23-нд “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулж, цоохор ирвэс тархсан 12 улс орон, хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцон “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. Манай улсад дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг таньж мэдэх, байгаль, экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “Цоохор ирвэсийн өдөр”-ийг 9 дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байгаа аж. 

Холбоотой мэдээ