Израилд 60-аас дээш насныханд дөрөв дэх тунг тарихыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-03 10:33:20

ЙЕРУСАЛИМ. /Reuters/. Израилд “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх тунг 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудад тарихыг зөвшөөрлөө гэж тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннетт ням гарагт мэдэгджээ.


Тодруулбал, “Pfizer” компанид гарган авсан вакцины дөрөв дэх тунг хамгийн багадаа дөрвөн сарын өмнө гуравдугаар тунд хамрагдсан 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудад тарихыг Эрүүл мэндийн яам зөвшөөрсөн байна.


Н.Беннетт нэмэлт тун израилчуудыг халдвараас улам сайн хамгаална гэдгийг онцлоод, “омикрон” хувилбарын тархалтын улмаас өвчлөл дахин эрс нэмэгдэж болзошгүй байгаа тул нэмэлт тундаа хамрагдахыг өндөр настнуудад уриалжээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Израил вакцины дөрөв дэх тунг дархлаа нь дарангуйлагдсан, асрамжийн газарт амьдардаг хүмүүст тарихыг зөвшөөрснөөр ийм тунг тарихыг зөвшөөрсөн анхны орнуудын нэг болсон юм.


Израилын 9.45 сая хүн амын 70 орчим хувь нь вакцины дор хаяж нэг тунд хамрагдаад байгаа бол 45 хувь нь гурван тунд хамрагдаад байгааг тус улсын Эрүүл мэндийн яамнаас ням гарагт мэдээлжээ. 

Холбоотой мэдээ