Орон нутгийн санхүү, өмч, төсвийн эрх мэдэл нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-01-04 16:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлж байна. Үндсэн хуулийн шинэ агуулгаар тус хуулийг шинэчилэн найруулж өөрчилснийг хууль тогтоогчид онцолж байгаа юм. Товчхондоо уг хуулиар аймаг, орон нутгийн удирдлагууд татвараар орлогоо бүрдүүлж, орон нутаг дахь асуудлаа өөрсдөө шийдэж байх санхүүгийн эрх мэдлийг өгөөд байна.





Хуулиар орон нутагт олгож буй нэг том эрх мэдлийн асуудал нь аймаг, нийслэлийн ИТХ концесс болон үнэт цаас гаргах талаар өөрсдөө шийдвэрлэж байхаар хуульд тусгаад байна. 


Орон нутагт өмчийн эрх мэдэл, төсвийн болон санхүүгийн эрх мэдлийг өгснөөр аймаг болон нийслэл, сум, дүүргийн хийх ажил, шийдэх асуудлыг нэг талаар тодорхой болгон өгчээ. Учир нь аймгийн, сумын, тэр дундаа төрийн болон орон нутгийн чиг үүргийг тус тусад нь ялгаж өгчээ. Энэ бол уг хуулийн гол концепц нь бөгөөд ингэж ялгаж салгаж өгснөөр чиг үүргээ тус тусдаа гүйцэтгэж, улмаар хариуцлагын тогтолцоог бий болгож байна. Өмнө нь аймаг, сумын чиг үүрэг адилхан, төрийн болон орон нутгийн чиг үүрэг ялгагдалгүй “холилдож” ирснийг онцолж байна.

Орон нутаг дахь асуудлыг шийдэхдээ тухайн орон нутгийн иргэдийн саналыг авсан байхаар зааж, ингэхдээ иргэдийн олонх оролцсон бол уг саналыг хүчинтэйд тооцно хэмээн тусгаад байна. 

Холбоотой мэдээ