Шаазан урлалаар үндэснийхээ бичгийг сурталчлах өргөн боломж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-20 09:03:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос  25 дахь жилдээ зохион байгуулсан, оролцогчдын нь хүрээ жил бүр өргөжин тэлж буй "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны бүтээлүүд дотор шаазан урлал хүндтэй байр эзлэх болж байна.


“Монголын сайхан бичигтэн 2021” улсын уралдааны бүтээлийн ангилалд гуравдугаар байрт Москва хотод ажиллаж амьдардаг, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн монгол, төвөд хэлний тэнхимийн зочин багш Ц.Дорждэрэм шалгарсан юм. Тэрбээр их зохиолч Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг” шүлгийн 4 дүгээр бадгийн 4 дүгээр мөр буюу

“Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал

Уул, ус, нар, сартай нөхөрлөнө

Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан

Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” хэмээн шаазан аяган дээр монгол бичгээр зураглан урласан бүтээлээр оролцсон юм.


Нэгэн үе тасалдаад байсан шаазан урлал Монголд дахин сэргэж уран бүтээлчид улам илүү уран хийцтэй шаазан хийх, сэдэв агуулгыг нь өргөжүүлэхийн төлөө ажиллах болсноор шаазан урлалын бүтээлийн сэдэв, агуулгын хүрээ илүү баяжиж байгаа билээ. Тэгвэл бичгийн их соёлтой үндэснийхээ онцлогийг шаазан урлалаар дамжуулан дэлхий дахинд сурталчлах, түүхэндээ хамгийн олон зуун жил хэрэглэсэн босоо монгол бичгээрээ дамжуулан Монголын яруу найргийг шаазан урлал дээр шингээн дүрслэх өргөн боломж байгааг тус уралдааны оролцогчид  эрэлхийлж  байгаа нь уралдаанд оролцогчдын бүтээл харуулж байгаа юм. 

 

Уйгагүй хөдөлмөр, нарийн ухааныг агуулж байдгаараа шаазан урлалын үнэ цэн оршиж байдаг. Тиймээс дэлхийн улс орнууд шаазан урлалд өөрийн улсын сэтгэлгээний онцлог, түүх соёл, ёс заншлаа шингээхийг ихээхэн эрмэлздэг билээ. 


“Монголын сайхан бичигтэн 2021” улсын уралдааны шагналтан багш Ц.Дорждэрэм 2007 оноос Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимтэй тогтмол харилцаатай байж, 2009 онд урилгаар багшилж байсан, 2019 оноос тус сургуулийн зочин багшаар ажиллаж Европ дахь монгол судлалын хүлээн зөвшөөрөгдсөн төв Санкт-Петербургийн их сургуульд монгол хэл, судлалаар суралцаж байгаа орос оюутнуудад монгол ярианы хэл, каллиграф буюу бийрэн бичиг зааж буй аж.

 

Тэрбээр 2021 онд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийн гишүүдэд мянганы түүхтэй монгол бичгээ заах сургалт зохион байгуулж, багшилсны зэрэгцээ өөрийн үүсгэн санаачилсан “Өрлөг эх” төрийн бус байгууллагын шугамаар Москва хотод ажилладаг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам ХНН, “Монголросцветмет” ТӨҮГ-ын төлөөлөгчид, багш Д.Мөнхжаргал, ОХУ-д бүртгэлтэй “Интермедика” компанийн дэмжлэгтэй Москва хотын зарим сургууль, цэцэрлэгийн орос хүүхдүүдэд монгол бичгээр урласан гарын бэлгүүд гардуулж, босоо монгол бичгээ ОХУ-д сурталчилдаг байнаМонголын сайхан бичигтэн 2021" улсын уралдааны шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн өмнө Монголын уран зургийн галерейд болсон бөгөөд  Ц.Дорждэрэм багшийн шагналыг том охин Б.Сүндэрьяа нь гардсан байна.


“Монголын сайхан бичигтэн 2021” улсын уралдаанд 1500 гаруй хүн оролцсон юм.





Холбоотой мэдээ