“Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмын нээлт Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-02-05 08:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Бээжин-2022" өвлийн олимпын XXIV наадам өчигдөр үдэш /2022.02.04/ Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор нээлтээ хийлээ.


Энэ удаагийн олимпын наадамд 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц  медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм.  Бээжингийн олимпын XXIV наадамд оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн Өвлийн олимп болж байна.


Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм.


Монголчууд энэ удаагийн олимпод цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож байгаа билээ. Улс орнууд нээлтийн ёслолд уламжлал ёсоор хятад цагаан толгойн дарааллаар жагссан бөгөөд Монгол Улсын баг тамирчид 79 дүгээрт жагсан үндэснийхээ дээлээ өмсөж, төрийн далбаагаа мандуулан Шувууны үүр цэнгэлдэхэд орж ирсэн юм.


Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү нээлтийн ёслол цар тахлын улмаас “Бээжин-2008” зуны олимпын наадмаас үзэгчид болон сүр дуулианы хувьд бага байсан нь мэдээж. Тэртээ 14 жилийн өмнөх Бээжингийн олимпын нээлтийн ёслолд 15 мянган жүжигчин оролцож байсан бол энэ удаад ердөө 3000 жүжигчин нээлийн ёслолд тоглов. Гэхдээ орчин үеийн технологийн дэмжлэгээр хүний дутагдлыг нөхөж чадсан гэдгээрээ гайхалтай.


Нээлтийн ёслолыг Бээжингийн олимпын нээлтийг найруулсан найруулагч Чжан Имоу найруулсан байна. Гурван удаа Оскарт нэр дэвшсэн энэ эрхэм нээлтийн ёслолыг үнэхээр гайхалтай өвөрмөц хийсэн байлаа. Хамгийн гол онцлог нь олимпын бамбар асаах мөч байв. Нээлтийн ёслолын гол сэдэв нь байгаль экологи, олимпын үзэл санааг илэрхийлж хүн төрөлхтөн нэг л хувь заяатай, нэг гэртэй гэдгийг харуулахыг зорьсон юм байна.


Бээжин хотноо пүрэв гарагт /2022.02.03/ болсон ОУОХ-ны 139-р чуулганы нээлтийн ёслолд Хятад улсын дарга Ши Жиньпин цахимаар оролцон хэлсэн үгэндээ: “Хятад улс олимпын спортод идэвхтэй оролцон, олимпын үзэл санааг гуйвшгүй баримталдаг бөгөөд олимпын мөрөөдлийн төлөө уйгагүй зүтгэдэг хичээл зүтгэлтэй хүмүүс юм. Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулахаар дамжин 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулж, бүс нутгийн хөгжил, экологийн бүтээн байгуулалт, ногоон инновацыг ахиулан, ардын амьдралыг сайжруулж, дэлхийн цас мөсний спортын хөгжилд өргөн орон зайг нээж өглөө” хэмээн онцолсон юм. 














/Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Холбоотой мэдээ