Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 24-нөөс эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-12 14:21:48

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Харин Ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, политехник коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс танхимаар хичээллүүлэхээр болсон юм. Тэгэхдээ 1-5 дугаар ангийн сурагчдыг 9.00 цагаас өмнө хичээллүүлэхгүй байх аж.

Тэрчлэн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдад ажлын байранд халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд алба хаагчдыг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллахыг сум, албан газар, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирагч нарт аймгийн Засаг дарга даалгаад байна.

Нийтийг хамарсан жагсаал, цуглаан, соёл урлаг, спортын үйл ажиллагаа, өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээг ирэх сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлалаа. Дээрх хязгаарласнаас бусад үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахин, 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

Холбоотой мэдээ