М.Ариунжаргал: Эсгий урлалын бүтээгдэхүүн бол орчин үед төгс нийцсэн эко хэрэглээ юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-26 13:26:50

Увс /МОНЦАМЭ/. Үндэсний уламжлалт өв соёл болох гар урлал, тэр дундаа эсгий урлалыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлж, эко хэрэглээг бий болгохыг зорьж буй “A&A felt art studio” урлангийн багш М.Ариунжаргалтай ярилцлаа.

-Эсгий урлалд хэдийнээс шимтэх болсон бэ?

-Би Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн дизайн хариуцсан архитектурчнаар ажиллаж байсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд эсгий урлалд суралцаж, уйгагүй зүтгэл гаргасны үр дүнд A&A felt art studio урлангаа байгуулаад нэг жил болж байна. Манай урлан хонины ангилсан ноосоор зөөлөн тоглоом, монгол ёс заншлын онцлогийг шингээсэн даахь, сэвлэгийн уут зэрэг төрөл бүрийн тоглоом, сувинер, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг.

Анх хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа охиндоо зориулан эсгийгээр саатуулагч тоглоом хийсэн нь ойр тойрны хүмүүсийн сонирхол татсан. Үүний дараа илүү ихийг хийх сэдэл авч, урамшин бие даан сурсан даа.

-Эсгий урлалын бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?

-Эсгий урлалын бүтээгдэхүүнийг хэрэглээ талаасаа орчин үед төгс нийцсэн, эко хэрэглээ гэж үздэг. Тухайлбал монгол хонины ангилсан нарийн ноосоор эсгийгээ дарж бэлдээд төрөл бүрийн зөөлөн тоглоом, өрөөний чимэглэл зэргийг хийж болдог. Эргээд хаягдал нь байгальд ээлтэй, бордоо болон шингэдэг онцлогтой.

-Энэ төрлийн бүтээгдэхүүнийг иргэд хэр сонирхож байна?

-Манай урлан Улаанбаатар хотод гэрээт дэлгүүртэй. Мөн A&A эсгий урлан /A&A felt art studio пэйж хуудсаар захиалгаа авдаг. Зөвхөн дотооддоо бус гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах зорилго бий. Энэ ч утгаараа захиалгыг өргөн хүрээнд авах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хичээж байна. Иргэдийн хувьд эсгий урлалын бүтээгдэхүүнийг их сонирхдог. Одоогоор 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Цаашдаа нэр төрлөө улам нэмэгдүүлэн иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийг хүсч байгаа.  

-Ур чадвараа бусдад хуваалцаж байгаа нь сайхан санагдлаа?

-Аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвтэй хамтран охид, эмэгтэйчүүддээ зориулан эсгий урлалаар зөөлөн тоглоом хийх хоёр өдрийн сургалтыг энэ сарын 23-24-ний хийлээ. Тус сургалтаар зөөлөн чихмэл тоглоом хийх, эсгүүрийн аргаар тэмээ оёх, ноос, эсгийний талаарх ойлголт, эсгүүр хийх анхан шатны ур чадварыг эзэмшүүлсэн. Нэг тоглоом оёод сурчихвал тухайн хүн өөрөө сэтгээд хүссэн тоглоомоо оёх арга, эвтэй болчихдог. Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд бүгд амжилттай суралцсан байгаа.

-Эсгийгээр бүтээл хийх аргачлалын тухайд?

-Ер нь бол ноос, эсгийгээр бүтээл хийхэд 2-3 төрлийн арга бий. Тухайлбал, эсгий тоглоомыг эсгүүрийн аргаар оёж болохоос гадна шивүүрийн зүүн аргаар оёдолгүйгээр хийж болдог. Тухайн хүний ур чадвар, бүтээлч сэтгэлгээнээс л их шалтгаална.

-Гарааны бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байна?

-Миний хувьд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зарласан StartUp буюу гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд ангилсан хонины ноосоор сувинер, тоглоом, ханын наалт гэх мэт бүтээгдэхүүн хийх төслөөрөө оролцож 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч чадсан. Ер нь хүн чаддаг зүйлээ хамгийн сайнаар хөгжүүлж чадвал ажилгүй, орлогогүй байх нь ховор.

Та бүхэн аймгийн Насан туршийн боловсрол, Хүүхэд хөгжлийн төвд байрлах манай урлан болон цахим хуудсаар дамжуулан захиалга өгөх, хэрэгцээт мэдээллийг авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ