С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2022-03-22 15:26:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сансрын Баачка" хочтой нэгэн эрхэм манай ажлаар үе үе ирж ахмадуудтай уулзана. Монгол хүн сансарт ниссэн түүхэн агшныг гэрэл зургийн хальсанд буулгаж, өнөөгийн бидэнд баримт болгон үлдээсэн түүний нэрийг С.Батсүх гэнэ. МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчнаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр насаараа энэ ажлаа нэр төртэй гүйцэтгэжээ. Өдгөө тэтгэвэртээ гарсан түүнийг шинэ оны босгон дээр Ерөнхийлөгчийн зарлигаар, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. Саяхан С.Батсүх ах МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн өрөөнөөс гарч явахтай таарч, цөөн хором ярилцсанаа Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ойн энэ өдөр хүргэж байна. 


Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн МРТУХ-ны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж, англи, франц, хятад хэлээр дэлхий нийтэд түгээсэн түүхтэй.



-Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальснаа баримтжуулсан гол хүн бол Та шүү дээ. Анх сансрын гэрэл зурагчнаар томилогдох тушаалыг хэрхэн хүлээж авч байв?


-1978 онд, нэг өдөр Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дарга С.Пүрэвжав намайг өрөөндөө дуудсан юм. Төв хорооноос нэг ажил даалгасан, чиний нэрийг өгсөн шүү гэж байна. Тухайн үед нээх юм бодолгүй өнгөрсөн. Хэд хоногийн дараа намайг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны хэлтсийн дарга Ч.Түмэндэлгэр өрөөндөө дуудуулсан. Яваад очтол, 10 гаруй хүний эмнэлэгт үзүүлж байгаа зураг авах даалгавар өгч, Сайд нарын II эмнэлэг рүү явуулсан юм. Тухайн үед гэрэл зургийн хальс маш нарийн байсан тул тэр хүмүүсийн зургийг ганц, хоёр л дараад ирж байлаа. Намайг яасан цөөхөн зураг авсан юм бэ гээд, энэ хальсыг хэнд ч дамжуулж болохгүй гэж сануулав. Түүнээс сар шахмын дараа Төв хороон дээр намайг дуудаж, сансарт нисэхээр бэлтгэж буй 12 хүний зургийг нь авахуулсан юм аа гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ энэ тухай маш нууцлах ёстой гэж сануулаад, Лениний музейд долоо хоногт нэг удаа хичээлд суух үүрэг өгсөн юм. 


-Ямар хичээл билээ?


-Астрономын хичээл байсан. Би энэ тухай хэнд ч хэлэх эрхгүй байв. Лениний музейд нь яваад очтол, “Монгол кино” үйлдвэр, Монгол телевиз (МҮОНРТ)-ээс хичээлд суусан. “Монгол кино” үйлдвэрээс оператор З.Сүхбаатар, найруулагч Ч.Гомбо, Монгол телевизээс н.Дашдондог, найруулагч Д.Жаргал, гэрэл зурагчнаар миний бие, нийлээд таван хүн байсан юм. Сүүлд юм ч зах зухаас тодорхой болж би ч ойлгох шатандаа ирлээ. Тэр үед бидэнд “улаан цайм” хэлсэн л дээ. Сансарт нисэхээр дөрвөн хүн шалгараад байгаа, тэдний зургийг авна гэж хэлсэн.



-Тухайн үед ямар дөрвөн хүн байсныг та санаж байна уу?


-Тухайн үед би хэн дөрөв гэж асууж байгаагүй. Энэ тухай нууцлах ёстой болохоор тэгж их сонирхдоггүй байв. 


-Монгол хүн сансарт нисэхээр аль 1978 оноос л бэлтгэгдэж эхэлсэн байна шүү дээ. Та бүхэн үүнийг нь мэдэж байж. Сүүлд 1981 оны гуравдугаар сард, сансрын нислэгээс хэдхэн хоногийн өмнө л энэ тухай анхны мэдээ цацагдсан шүү дээ. Тэгэхээр нууцыг чанд хадгалж дээ...?


-Тэгэлгүй яахав. Биднийг Орос явж зураг авах бүрд хөдөө томилолтоор явлаа гэж хэлээрэй, ар гэрийнхэндээ ч хэлж болохгүй гэж сануулдаг байв. 


-Гэрийнхнээсээ ч хүртэл нууцалж байсан хэрэг үү?


-Мэдээж эхнэртээ хэлэхгүй байна гэж юу байхав дээ. Эхнэр маань нууцыг маш сайн хадгалсан. Тухайн үед би хөдөө аж ахуйн үйл явдал хариуцдаг гэрэл зурагчин байлаа. Хөдөө явахдаа өмсдөг хувцас нь тусдаа, өөрөө ч наранд борлочихоод ирэх ёстой шүү дээ. Гэтэл Москва яваад ирсэн хүн хослол өмсөөд, зангиа зүүчихсэн, царай нь цайчихсан, ядаж л хүүхдүүддээ бохь, чихэртэй ирнэ шүү дээ. /инээв/


-Энэ хариуцлагатай даалгаврыг авчихаад та чухам юу бодож байсан бэ?


-Үнэнийг хэлэхэд, эх орон, эхнэр хүүхэд, нам засгийн төлөө гэж том юм яриагүй л дээ. Улс надад том даалгавар өглөө, үүнийг яаж сайн биелүүлэх вэ гэдэг айдас л төрж байсан. 



-Та тухайн үед сансарт нисэхээр Ж.Гүррагчааг сонгоно гэдгийг мэдэж байв уу?


-Би 1978 онд энэ даалгаврыг аваад, 1979 оны эхээр Москва руу анх явсан. Тэр үед дөрвөн хүн байсан юм. Түүнээс өмнө 12 хүний зургийг авч байсан шүү дээ. Тэдний дунд тухайн үеийн Холбооны яамны орлогч сайд асан Д.Гарам-Очир байсныг санаж байна. Тэднээс л дөрөв нь шалгарсан хэрэг. Сүүлд сураг сонсоход, тэр дөрвөөс Ж.Гүррагчаа, М.Ганзориг үлдээд, нөгөө хоёр нь буцсан байсан. 1980 оны эхээр тэр хоёрын зургийг авч эхэлсэн дээ. Би тухайн үед Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын хэн нь сансарт нисэхийг мэддэггүй, хоёулангийнх нь зургийг ижилхэн авдаг байлаа. 


ухайн үед МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчид энэ түүхэн үйл явдалтай холбоотой архивын гэрэл зургийн 60 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг. Та бүхэн Ж.Гүррагчаа, М.Ганзоригийн ямар ямар зургуудыг авч байв?


-Тэр хоёрт уулын аманд гэр бариад өгчихсөн, Булган аймагт Ж.Гүррагчаагийн ээж, аав дээр очиж бид дүрс, зураг авдаг байв. М.Ганзоригийн ээж аавынд ч очиж зураг авч байсан. Үе үе Москва явна. Ингэхдээ тэнд 7-8 хоноод буцаад ирдэг байв. Бид Москвад байрлана, сансрын нисэгчид 45 км-ийн зайтай “Оддын хотхон”-д байрладаг. Бид өдөр нь Оддын хотхонд очиж зургаа авчихаад, орой буудалдаа ирдэг байв. Тэдний сансрын нислэгийн бэлтгэл, ар гэр, амьдрал ахуйг дурандаа тольддог байсан. Тэгээд Улаанбаатарт ирэхэд Нийгмийг аюулаас хамгаалах яамны н.Дорж гэдэг хурандаа хажууд сууж байгаад, зураг угааж дуусмагц аваад явчихдаг байсан.  



-Монгол хүн сансарт ниссэн торгон агшныг буулгаж үлдээсэн нь хэдий таны хийх ёстой ажил байсан ч хожим үнэ цэн, ямар гавьяа байгуулсныг тань бид бахархан сууна. Сансрын хөлөг хөөрөх агшинд эх захгүй гэрэл цацарч, их дуу чимээ гарсан байх. Тухайн үеийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу? 


-Хүн болж төрсний нэг бахархал, аз гэж боддог. СОЮЗ-39 хөлгийг өглөө нар мандаж байх үед зөөгөөд явж байх агшинг би гэрэл зурагт буулгасан. Сүрдмээр том техникийг анх удаа харсан нь тэр. 


Сансрын хөлөг хөөрөх үед ойроос зураг ав гэдэг даалгавар надад өгсөн. Тухайн үед надад хүч нэмж МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчин Ц.Нинаг томилоод удаагүй байв. Гэрэл зурагчин Ц.Нина бол олимпод зураг авсан, гадаадын айлчлалд Ю.Цэдэнбал даргыг дагаж явдаг байсан туршлагатай, түүнийг нь харгалзсан байх. Мөн тэр үед "Үнэн" сонины гэрэл зурагчин М.Лхагвасүрэн байсан. Өөрөөр хэлбэл, СОЮЗ-39-ийг хөөрөх үед Монголын талаас гурван гэрэл зурагчин байсан юм. Оросын талаас албан ёсны нэг гэрэл зурагчин байв. 


Оросууд яг хөөрөх үед маш их чимээтэй, асар их гэрэл цацарна гэж хэлж байсан. Бид сансрын хөлөгтэй 200 метр ойртсон шүү дээ. Би тухайн үед маш их дуу чимээ гарах байх гэж бодож байв. Гэтэл СОЮЗ-39-ийн даралтыг анх удаа газрын гүн рүү өгсөн нь тэр юм билээ. Газар дээр даралт өгөхөөр маш их дуу чимээ гарч, шороо босдог байсан юм байна. Гэтэл тэр нислэгт сүртэй их дуу, чимээ гараагүй. 



-Тухайн үед таныг ямар гэрэл зургийн аппарат, техникээр хангаж байв?


-Шинжлэх ухааны академиас надад F2 гэдэг аппарат өгсөн юм. Тэр нь автоматаар зураг дардаг. Тухайн үед манай монгол гэрэл зурагчдад тийм аппарат байгаагүй. Яг сансрын хөлөг хөөрөх болох үед би автомат дээр нь тавьчихсан. Гэтэл өнөөх чинь хөөрөлгүй байсаар миний 32 кадрын хальс дуусаж орхив. Тэгээд F3-аараа зураг дарлаа, асаах пентаксаараа ч дарав. Тэгээд нөгөөх F2-оо цэнэглэж амжиж зургаа авсан даа. Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй. Хөөрлөө гээд л сум шиг л харвачихна гэж бодохгүй юу. Лениний музейд Астрономын хичээл үзэж байснаа санасангүй гээд өөрийгөө зүхэж байв. Гэхдээ л зургаа авч амжсаан, амжсан. Нэг наргиантай юм ярьчих уу. 


-За тэг л дээ...?


-Сансрын хөлөг хөөрөх үед зураг авахаар очиход ойроос зураг, дүрс авах хүн 62 килограммаас дээш жинтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна гэсэн. Тэгээд манай кино, телевизийнхэн орлоо, орос зурагчин ч орлоо. Тэр үед би 29 настай, хамгийн залуу нь байсан л даа. Тухайн үед би 62 килограмм хүрэхгүй байх вий, ийм том даалгавар авчихаад түүнээс хоцорчих вий гэж маш их айж байсан юм. Тэгээд жингээ үзүүлэхэд 62.8 килограмм байж билээ. Тэгснээ нөгөөдүүл инээлдээд, миний халаасанд "Болор" архи хийгээд оруулж байлаа. Сүүлд сонсох нь ээ, тэд нар надаар тоглож байсан юм билээ. /инээв/



-Та бол залуу нас, амьдралаа МОНЦАМЭ-тэй холбосон гэрэл зурагчин. Анх яаж гэрэл зурагтай холбогдсон юм бэ? 


-Би 10 жилд байхдаа л гэрэл зураг сонирхдог хүүхэд байсан юм. Миний авга ах, Драмын театрын консерваторын зураач Н.Шийтэр гэж хүн бий. Тэр хүн 1968 оны үед оюутан байхдаа надад гэрэл зургийн аппарат авч өгсөн. Тухайн үед “Таксин цоохор машин”-ыг дуулдаг Н.Цэнд-Аюуш Барилгачдын соёлын ордонд гэрэл зургийн сургалт үнэгүй хичээллүүлж байсан. Би ангийнхаа хүүхдүүдийг дагаж тэр сургалтад хоёр сар гаруй суусан юм. Тэгээд 1970 онд 10 дугаар ангиа төгсөх ч болж, би Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ойн инженерээр сурах хуваарь авлаа. Тэр үед манай сургууль дээр Улсын гэрэл зургийн газраас гэрэл зураг сонирхдог хүүхдүүдийг ажилд авч байна гэж ирсэн л дээ. Тэгээд л би ерөөсөө гэрэл зурагчин болно гэж шийдээд, тэнд ажилд орсон юм. Намайг тухайн үедээ хоёр жил ажиллуулаад гадагшаа сургуульд явуулна гэж амлаж байсан. Тэрэнд нь болоод л орчихсон байхгүй юу. Тэгээд сургуульд явах гэж хэсэг хөөцөлдсөн ч чадаагүй л дээ. Улсын гэрэл зургийн газар тухайн үед МОНЦАМЭ-г гэрэл зургаар хангадаг байсан. Удалгүй МОНЦАМЭ-гийн харьяаны хэлтэс болсон юм.


-Та ер нь хүүхэд байхдаа юу хүсэж мөрөөддөг байв?


-Би 10 жилийн сурагч байхдаа хөлбөмбөг тоглодог, “Алдар” нийгэмлэгийн тамирчин байлаа. Гэрэл зурагчин болоод 1971 оны наадам буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойн үеэр гэрэл зураг аваад явж байтал хөлбөмбөгийн үзүүлэх тоглолт болж байсан. Тэнд би тэсэлгүй явж ороод хамгийн сүүлийн удаа л хөлбөмбөг тоглосон юм. Би чинь гэрэл зурагчин, ажлаа хийх ёстой шүү дээ. /инээв/

Холбоотой мэдээ