Монгол, Туркийн төмөр замын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-20 13:00:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Турк хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа улам нэмэгдэхээр байгаа тул төмөр замын харилцаа тогтоох нь ихээхэн ач холбогдолтой байна. Үүнийг хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцох зорилгоор хоёр талын төмөр замын холбогдох байгууллагын хооронд болсон цахим уулзалтаар онцоллоо. Уулзалтад ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Туркийн талаас тус улсын Төмөр замын ерөнхий газрын төлөөлөгч нар оролцож төмөр замын бодлого, төсөл хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцов.

Уулзалтаар тээврийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаатай холбогдуулан дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дотоодын төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлж, сайжруулах болон сүлжээгээ өргөжүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.




Турк улс нь Ази, Европыг холбосон газар зүйн чухал байрлалтай тул тээврийн сүлжээг олон талаар хөгжүүлэх сонирхолтой байгааг Монголын тал илэрхийлж тэр дундаа төмөр замын салбарт түншилж хамтран ажиллах нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

Талууд салбарын түншлэлийг бий болгох эхний уулзалтыг зохион байгуулж, харилцан солилцсон мэдээлэлд тулгуурлан хамтын ажиллагааны тодорхой саналыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тогтов.



Холбоотой мэдээ