Аймгийн хэмжээнд мод, бут тарих бэлтгэлээ хангаж эхэллээ

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-04-24 11:41:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчид мод, бут тарих ажлаа өнөөдөр эхлүүлж, хуваарилсан талбайдаа нүхээ ухан бэлтгэж байна.

Арвайхээр сумын Шинэ суурьшлын бүсийн 15 га талбайд 130 байгууллагын албан хаагчид 1586 метр ургамлан хашлага хийж, 23 мянган хайлаас, гоёлын мод, бут тарих юм. Ингэхдээ нэг албан хаагчид 3 ширхэг мод тарих үүрэг өгч, 1 метр шуудуунд 10 ширхэг мод тарих байдлаар нүхийг ухан бэлтгэж байна.

Мод тарих ажлыг цаг агаарын нөхцөл байдлаас хамааран 4 дүгээр сарын 29, 30-ны өдөр бүх нийтээр тарьж эхэлнэ. Өвөрхангай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он хүртэл 20 сая мод бут тарих гэрээ байгуулснаас энэ жил 600 мянган мод тарих төлөвлөгөөтэй ажиллаж байна.