Дэлхийн хамгийн өндөрт орших цаг уурын автомат станцыг Жомолунгмад байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-02 16:30:52

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эрдэмтэд дэлхийн хамгийн өндөр оргил болох Жомолунгма уулын оргилд /далайн түвшнээс дээш 8800 метрийн өндөрт/ цаг уурын автомат станц байгуулахаар ажиллаж байна.


Энэхүү станцыг амжилттай байгуулбал Их Британи, АНУ-ын эрдэмтдийн 2019 онд хамгийн өндөрт буюу уулын өмнөд хэсгийн 8430 метрийн өндөрт байгуулсан станцыг орлоно гэж Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Төвөдийн өндөрлөгийн судалгааны хүрээлэн мэдээлжээ.


Нийт 50 гаруй килограммын жинтэй тоног төхөөрөмжийг задалж, уулчдад тараах бөгөөд уулчин тус бүр 7 кг-аас ихгүй ачааг ууланд хүргэнэ гэж Төвөдийн өндөрлөгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Жао Хуабяо ярьсан байна. Одоогийн байдлаар станцыг байгуулах инженерүүд ууланд авирах таатай үеийг хүлээж байгаа ажээ.


Жомолунгма ууланд цаг уурын найман станц, түүний дунд хамгийн өндөрт орших станцыг байгуулах нь дэлхийн хамгийн өндөр цэгт буюу далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөр дэх шинжлэх ухааны иж бүрэн шинэ экспедицийн гүйцэтгэх үндсэн ажлын нэг юм.


Энэ оны эхээр уулын хойд хэсэгт далайн түвшнээс дээш 7028, 7790, 8300 метрийн өндөрт гурван цаг уурын станц байгуулснаар 5200-8300 метрийн хоорондох цаг уурын станцын тоог долоод хүргэжээ. Өнгөрсөн оны хувьд 6500, 5800, 5400, 5200 метрийн өндөрт дөрвөн станц байгуулсан байна.


Жомолунгма уулан дахь шинжлэх ухааны иж бүрэн шинэ экспедиц нь 2017 онд эхэлсэн Чинхай-Төвөдийн өндөрлөгийн талаарх шинжлэх ухааны хоёр дахь судалгааны ажлын нэг хэсэг юм.


Ж.Хуабяогийн хэлснээр, Чинхай-Төвөдийн өндөрлөг нь дэлхийн дулаарлыг даган дулаарах хандлагатай тулгараад байгаа юм байна. Өмнө нь өндөр уулын станцуудын цаг агаарын ажиглалтын мэдээ дутмаг байсан тул зөвхөн далайн түвшнээс дээш 5000 метрийн өндрөөс доош байрлах цаг уурын станцуудын мэдээлэл, зайнаас тандан судлах мэдээллийн дагуу тооцоолсон тооцоонд үндэслэн ийм дүгнэлт гаргажээ.


Найман станцын хувьд салхины хурд, чиглэл, мөн Жомолунгма уулын хойд хэсгийн харьцангуй чийгшлийн мэдээллийг цуглуулах бөгөөд өндөрлөг газрын цаг уурын станцын систем нь өндөрт орших мөсөн голууд, цасыг хянахад чухал ач холбогдолтой гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Экспедицийн баг мөн мөсөн голын радар байгуулж, уулын оргилын цас, мөсний зузааныг хэмжих ажээ. 

Холбоотой мэдээ