Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-03 15:06:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс “Хараат бус сэтгүүл зүй: Сэргэх үү, сөхрөх үү” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан хэлсэн үгэндээ, "Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөө дэлхий дахинаа хэрхэн хэрэгжиж буйг үнэлж дүгнэх, иргэд, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг улс орнуудын төр, засагт сануулах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийг дурсан хүндэтгэх зорилготой өдөр” гэдгийг тодотголоо.




Энэ жил энэ өдрийг “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-гоос уриалсан. Асар хурдацтай хөгжиж буй цахим дэвшилтэт технологи нь сэтгүүлзүйг орвонгоор нь хувирган өөрчилж байна. 2016 онд сошиал медиа хэрэглэгчийн тоо 2.3 тэрбум байсан бол өнгөрсөн онд 4.2 тэрбум болж 2 дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад хүмүүс мэдээллийг шуурхай олж авах боломж гарсан ч баталгаагүй, эх сурвалжгүй, худал мэдээллийн урсгалд төөрөлдөж байна. Нийгэмд очиж буй контентын тоо асар ихээр нэмэгдсэн.




Судалгаагаар харж байхад өдөрт нэг хүнд дунджаар 5 мянгаас илүү контент нийлүүлэх өрсөлдөөн өрнөж байна. Энэ олон контент нь чанартай, ул суурьтай судалгаатай, дүн шинжилгээнд суурилсан үнэн бодит мэдээ, мэдээлэлтэй өрсөлдөж эхэлж байна. Энэ нь улмаас чөлөөт, хараат бус, олон ургальч мэргэжлийн сэтгүүлзүй оршин тогтноход улам бэрхшээлтэй нөхцөлд аваачиж байна гэв.




Манай улс 2016 онд хэвлэлийн эрх чөлөөгөөр дэлхийн 180 орноос 54-т жагсаж байв. Өнөөдөр ч хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсаар байгаа нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад улстөрөөс хараат байдал нэмэгдсээр буйг харуулж байна хэмээн судлаачид хэлж байв. Тодруулбал, Хил хязгааргүй сэтгүүлч (RSF) олон улсын байгууллагаас 2002 оноос хойш гаргаж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй оронд тооцогдсоор байна. Энэ оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 22 байр ухарч, 90-д жагсжээ. (Дэлгэрэнгүй жагсаалт харах) Хэлэлцүүлгийг НҮБ-ын Ардчиллын сангаас дэмжиж Өдөр тутмын сонины холбоо, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын Сайтын холбоо, Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төвөөс хамтран зохион байгуулав





Холбоотой мэдээ