Н.Даниял: Тарьсан модныхоо усалгаа, арчилгааг бүрэн хариуцаж ургуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-16 16:10:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Хостерек" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Бүх нийтээр мод тарих өдрөөр 300 ширхэг мод тарилаа.

Тус компани худалдаа, зуухны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Компанийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж өнгөрсөн амралтын өдрүүдэд Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай үйлдвэрийнхээ орчимд зам дагуу 300 ширхэг алим, чацаргана, хайлаас, бургас мод тарилаа. Тарьсан модоо хашаажуулан хамгаалж, худаг гарган усалгааны асуудлыг давхар шийдсэн байна.

"Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих ажилд суулгац, хөрс шороо бэлдэх, газар ухах, хашаа татах, худаг гаргах зэрэг ажилд 5 сая төгрөг зарцууллаа. Бид тарьсан модныхоо арчилгаа, хамгаалалтыг өөрсдөө бүрэн хариуцаж ургуулах болно" хэмээн компанийн захирал Н.Даниал хэлэв.




  

Холбоотой мэдээ