БАЯН-ӨЛГИЙ: Сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6-9-ний өдөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-06-27 14:17:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6-9-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргалаа.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг 7 дугаар сарын 10-13-нд орон даяар нэгэн зэрэг нэгдсэн байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн эдгээр өдрүүдэд бүх аймаг наадмаа зэрэг зохион байгуулах юм.

Баян-Өлгий аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамедаар ахлуулан энэ сарын 24-ний өдөр байгуулсан. Хорооны нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан нар ажиллаж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн зөвлөмж, сумдын удирдлагуудаас гаргасан саналыг харгалзан сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 6-9-ний  өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхлээр шийдвэрлэв. Харин тэгш ой нь тохиож буй Буянт сум үүсгэн байгуулсны 80 жилийн ойн баярыг ирэх сарын 22, 23-ны өдрүүдэд, Ногооннуур сум үүсгэн байгуулсны 70 жилийн ойн баярыг есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоод байна. 

Холбоотой мэдээ