Одри Азулей: Монгол Улс соёлын өв, уламжлалаа орчин үетэйгээ уялдуулан авч явааг хараад гайхан биширлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-07-14 10:51:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Боловсрол, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-д элссэний 60 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей Монгол Улсад энэ сарын 10-14-нд айлчилж байна.


Үндэсний их баяр наадмын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей тэргүүтэй зочид, төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадам, соёлын өвөө танилцуулж, Монгол наадам үзүүлэв.

Монгол Улс нийт 5 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад, 12 өвийг дэлхийн өвийн үндэсний урьдчилсан жагсаалтад оруулсан байдаг. Мөн ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид 2005 онд нэгдэн орсноосоо хойш Монгол Улс 2008-2019 оны хооронд яаралтай хамгаалах 7 өвийг, төлөөллийн жагсаалтад 8 өвийг, нийт 15 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж, эдгээр өвүүдийг хадгалан хамгаалж байна.

Монгол Улсын баяр наадам хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг бөгөөд ЮНЕСКО-гийн зочид, төлөөлөгчид Үндэсний их баяр наадмын нээлт үзсэний дараа үндэсний сурын болон шагайн асраар зочилж, эртний уламжлалын дагуу дуут сумаар харвах ёслол үзэн, соёлын өв тээгчидтэй уулзсан юм.

Мөн Хүй 7 худаг дахь Соёлын наадамд зочилж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-тэй танилцаж, Манлай уяач Ц.Цэнгэлийн галаар орлоо.

Үндэсний их баяр наадам, монголчуудын соёлын өвтэй танилцсан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулей, “Соёлын өвийг цаасан дээр бүртгэх өөрөө биечлэн үзэх үнэхээр их ялгаатай, чухал зүйл байлаа. Монголчууд гайхамшигтай баялаг үндэсний соёл, уламжлалаа хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжилж байгааг хараад бахархаж байна. Монгол Улс өөрийн соёлын өв, уламжлалаа орчин үетэйгээ уялдуулан авч явааг хараад үнэхээр их гайхширлаа. Монгол Улс бол гайхамшигтай баялаг түүх, соёлын өвтэй улс. Хүрээлэн байгаа орчин, байгаль, соёлоо өнөөг хэр хадгалан үлдсэн нь Та бүхний дэлхийн соёлд оруулж байгаа хувь нэмэр юм. Тийм ч учраас ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн соёлын өвийг хамгаалахаар Монгол Улсын Засгийн газартай хамтран 60 жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаагаараа бахархаж байна. Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсондоо баяртай байна” гэв.

Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 15 өв бүртгүүлсэн байдаг. Үүнд:

Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өв:

Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)

Монгол ардын уртын дуу (2008)

Монгол наадам (2010)

Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)

Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн) (2010)

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)

Шагайн харваа (2014)

Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн өв:

Монгол тууль (2009)

 Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)

 Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)

 Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)

 Монгол уран бичлэг (2013)

Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)

Уул овоо тахих зан үйл (2017).

 

Холбоотой мэдээ