Калифорнид 2035 он гэхэд бензин хөдөлгүүртэй шинэ автомашин худалдаалахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-08-26 13:01:49

ВАШИНГТОН. /СNBC/. АНУ-ын хамгийн их хүн амтай Калифорни муж улсад 2035 он гэхэд бензин хөдөлгүүртэй шинэ автомашин худалдаалахыг хориглохоор болсон нь тус муж улсын хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд хийсэн чухал алхам боллоо.


Калифорнийн Агаарын нөөцийн зөвлөлөөс /CARB/ пүрэв гарагт гаргасан журмын дагуу автомашин үйлдвэрлэгчдэд 2026-аас 2035 он хүртэл хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ түргэсгэх шаардлага тулгарч байна. Үүний дагуу Калифорнид 2026 он гэхэд худалдаалагдах шинэ автомашины 35 хувь нь цахилгаан, хос юм уу устөрөгчийн хөдөлгүүртэй байх шаардлагатай бөгөөд улмаар 2030 он гэхэд 68 хувь, 2035 он гэхэд 100 хувьд хүргэн ахиулна.


Калифорнийн захирагч Гэвин Ньюсом дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг хэрэглээнээс халах үйл явцыг түргэсгэх зорилтыг 2020 онд дэвшүүлсэн юм. Тус муж улсад тээврийн салбар нь хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэрт тооцогддог бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас урьд хожид байгаагүй ойн түймэр, ган гачгийн аюул нүүрлэж, агаарын бохирдол зэрэг асуудал тулгарах болоод байгаа юм.


Бензин хөдөлгүүртэй шинэ автомашин худалдаалахыг хориглох энэхүү шийдвэр нь зөвхөн Калифорниор зогсохгүй цаашид АНУ-ын олон муж улсад ижил шийдвэр гаргахад үр нөлөөгөө үзүүлж магадгүй байна. Тодруулбал, Калифорнийн тээврийн хэрэгслээс гарах хорт утааны ялгаралд тавих стандартыг одоогоор Нью-Жерси, Нью-Йорк, Пенсильвани зэрэг 15 муж улсад дагаж мөрдөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ