Сурагчийн дүрэмт хувцас 66000-68000 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-23 18:15:25

Хэнтий аймагт сурагчийн дүрэмт хувцасны жижиглэн худалдаа хэдийнээ эхэлсэн бөгөөд ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас 68,000 төгрөг бол дунд ангийнх 66,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Өнгөрсөн жил сурагчдын дүрэмт хувцсыг оройтож худалдаанд гаргаснаас болж эцэг эхчүүд нэлээд бухимдаж байсан бөгөөд худалдах цэгүүд дүүрэн хүнтэй, хүүхдэдээ өмсгөж үзүүлэхэд хүндрэлтэй байсан учраас хэл ам тасраагүй. Тиймээс энэ жил сурагчдын дүрэмт хувцсыг арай эрт худалдаанд гаргажээ. Түүнчлэн энэ жил дүрэмт хувцас өнгө, хийц, материалын чанар нь ч сайжирсныг эцэг эхчүүд онцоллоо.

Мөн аймгийн хэмжээнд худалдан авалт бага байна. Хугацаа ойртох тусам хөл хөдөлгөөн ихсэж ачаалал нэмэгддэг гэдгийг худалдаа эрхлэгчид хэллээ.

Одоогийн байдлаар “Батзүү” ХХК-ны бүтээгдэхүүн худалдаалах цэг “Эвт” худалдааны төвд нээгдээд байгаа аж.  

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ