ОРХОН:Т.Ганболд: Аливааг санаачилж эхлүүлэх зоригтой бай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-22 15:32:23
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Мотор, агрегаторын хэсгийн мастер, инженер, механик мэргэжилтэй Т.Ганболдтой ярилцлаа. Тэрээр  үйлдвэрийнхээ Бүтээмж, чанарын дугуйлангийн шилдэг ахлагч юм.


-Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилтнаас ялгарахын тулд танд болон танай багт байдаг хамгийн чухал зан чанар юу вэ?

-Бид ажлаа сайжруулах болон өөрсдөө хөгжихийн тулд тасралтгүй санал, санаачилга гаргадаг. Үүний үр шимийг ч бас тасралтгүйгээр хүртэж байдаг. Манай баг 25 ажилтантай. Хүн тус бүр санал гаргадаг. Санал албадлагын хэлбэрээр бус өөрсдийнх нь санаачилгаар гардаг. Харин энэ саналыг нь яаж төсөл болгож хэрэгжүүлэх вэ гэдэгт багаа ахалж байгаа миний хувьд бас давхар санаачилгатай ажиллах шаардлага гардаг. Бид санал бүрээ тэмдэглэж бичдэг. Ингэснээр ажлын байр маань ч сонирхолтой болж эхэлдэг. Ер нь гаргаж байгаа саналын тоо чухал биш, сайн үр дүн авчрах нь чухал гэдэгт анхаардгаараа багахан ч гэсэн ялгаа гардаг болов уу гэж бодож байна. Манай үйлдвэрт Бүтээмжийн хөдөлгөөн өрнөөд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд олон уурхайчин бүтээмжтэй ажилтан буюу үнэ цэнтэй ажилтан болохоор тэмүүлж байгаа нь мэдрэгддэг.


-Санаачилсан төслөөсөө хамгийн үр өгөөжтэйг нь дурдвал?

-Манайхан ажлын байраа тав тухтай байх, эмх цэгцтэй болгох, орчин нөхцөлөө сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлд саналаа гаргадаг. Яагаад гэвэл, хүн өдрийнхөө ихэнх цагийг ажлын байран дээрээ өнгөрүүлдэг учир хамт олны хувьд уур амьсгал зөөлөн, орчин нөхцөлийн хувьд эко, ээлтэй, ажлын гүйцэтгэлийн хувьд аюулгүй байх нь маш чухал. Манай ахмад ажилтны гаргасан саналыг бид багаараа дэмжээд белазын “Хуваарилах гол”-ыг өөрсдөө хийж нэвтрүүлсэн. Үүний нэг бүрийн үнэ 16 сая төгрөг байдаг. Нэг машинд 2 ордог. Тэгэхээр бид 32 сая төгрөгийг хэмнэж сэлбэгээ өөрсдөө бүтээсэн гэсэн үг. Энэ мэт эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгсөн олон санал, төсөл бий. 

Мөн бид Саналын системд илгээсэн санал бүрийнхээ урамшууллын мөнгөө нийлүүлж байгаад ажлын өрөөндөө компьютер авсан. Бидний гаргасан санал төсөл болж хэрэгжээд ямар үр дүн гарч байгааг гэрэл зургаар баталгаажуулаад өмнөх болон одоо үетэй нь харьцуулаад түүнийгээ компьютертээ хадгалаад эргээд харахаар урам, зориг авч дараагийн саналаа бүр илүү нарийвчилж гаргаж эхэлдэг. Зарим хүнд энэ хэт жижиг зүйл мэт санагдавч бид саналынхаа урамшууллын мөнгөөрөө үүнийг авч байгаа нь хамтын үнэ цэнийг бий болгож байгаа юм.

Одоо бид Улаанбаатар хотын 1-р эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн чиглэлээр цахим зөвлөгөө, сургалт авахаар ажиллаж байна. Уул, уурхайн хүнд нөхцөлд ажилладаг болохоор бид эрүүл мэндийнхээ боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа.  


-Бүтээмжийн хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь хувь хүний сонголт байх гэж бодож байна. Та амьдралдаа хийсэн өөр хамгийн чухал сонголтоо нэрлээч гэвэл ?

-Амьдрал тэр чигтээ сонголт. Бид эцэг, эхээ сонгож төрдөггүй ч хань ижил, найз нөхөд, ажлаа сонгодог гэж боддог. Миний хамгийн сайн сонголт бол эхнэр минь. Би хоёр жилийн өмнө бөөрний архаг дутагдалд ороход манай эхнэр миний ДОНОР болж надад нэг бөөрөө өгсөн. Тэгээд, Бөөрөө өглөө. Бөмбийтөл минь намайг хайрлаарай” гэж хэлсэн

Энэ хүн надад амьдрал бэлэглэсэн. Амьдралд илүү үнэ цэнтэй, хариуцлагатай амьдрахыг ойлгуулсан. Тиймээс би эхнэрээ үргэлж хүндэлж, магтах дуртай. Тэр МИНИЙ АМЬДРАЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН. Хүмүүс эмэгтэй хүнийг янз бүрээр л дүгнэдэг. Эмэгтэйчүүдийг чин сэтгэлээсээ хайрлахад тэд бусдын төлөө амиа өгөхөөс буцдаггүй. Эрчүүд тэднийг хайрлахгүй орхивол тэд бас бусдын төлөө юу ч хийхээс буцдаггүй мэт харагддаг. Иймд хүнийг эхлээд хайрлаж байж хайрлуулна, хамтдаа удаан амьдарна гэж боддог. Хүний бүх зүйл цаг хугацаатай, хэмжээтэй, хязгаартай. Би нэг сар юу ч идээгүй явж үзсэн. Идсэн болгоноо бөөлжөөд гаргачихдаг байлаа. Сэтгэл болон биеийн хувьд зовуурь их байсан. Гэхдээ би өвдсөнөөрөө нэг ч удаа түрүү барьж ялархаж үзээгүй. Яагаад гэвэл надад эцэг хүний үүрэг, нөхөр хүний хариуцлага хамгийн түрүүнд л бодогдож байлаа. Надаас болж миний гэр бүлийн гал цог бөхөх ёсгүй гэж боддог.  


-Та амьдралдаа ямар “мөр” үлдээхийг хүсэж, тэмүүлж байна вэ?

-Намайг хамгийн их дурсах хүмүүс бол миний хүүхдүүд. Ганболдын хүүхэд шүү гэж ааваараа бахархаж нэр нүүртэйгээр хэлэх нь надаас шалтгаална. Тиймээс би одоо яаж амьдарч байгаа нь маш чухал гэж боддог. Цаг хугацаа хэнийг ч байсан мартуулдаг. Иймд хүүхдүүддээ, гэр бүлдээ үнэ цэнтэй байхыг эрхэмлэдэг. Бас хамт олондоо. Өдөр тутамдаа уулзаж байгаа ажлын хамт олон ч бидний гэр бүлээс өөрцгүй болдог. Иймд бүх зүйлийг байгаагаар нь хүлээн авч өөрөө манлайлах боломжтой бол манлайлж, санаачилж, оролцох ёстой бол оролцож, төлөөлөх ёстой бол төлөөлж байж амьдрал сонирхолтой гэж боддог.


-Таны Эрдэнэт үйлдвэрээс авч буй үнэт зүйл чинь юу вэ?

-Өөртөө үнэнч, үнэ цэнтэйгээр хөдөлмөр эрхэлж болдгийг ойлгосон. Бас цаг баримталж, хүмүүстэй энгийн, нээлттэй, өөрийнхөөрөө харьцахыг сурсан гэж хэлнэ. Заримдаа миний амьдрал одоо л жигдэрч байгаа мэт санагддаг. Би энд 21 жил ажилласан хэр нь эрүүл мэндийн асуудлаасаа болоод БҮТЭЭМЖТЭЙ байж чадаагүй мэт санагддаг. Харин одоо асуудлаа шийдсэнийхээ дараа өөртөө болон бусдад яаж хэрэгтэй хүн болох вэ гэж эрж, хайдаг болсон. Тэр ч бүү хэл, хувийн бизнесээ эхлүүлэхээр эхний шатаа ч алхчихаад явж байна. Бид бусдад талархаж байгаагаа ил тод хэлж сурах хэрэгтэй. Өнөөдрийн намайг бүтээсэн бүгдэд би баярладаг. Хүн ер нь ажиллаж амьдарч байхдаа сайн хүн, сайн аав, сайн найз, сайн ажилтан байх гэж тэмүүлэх хэрэгтэй гэж боддог. Ингэж байж амьдралын үнэ цэн чинь өсөж амьдрал чинь дээшилнэ.

Яагаад гэвэл би өвчин зовлонг туулж гарсан, ажил, бэрхшээлийг давж гарсан тул одоо байгаа нөхцөлөө өөрчлөхийн төлөө хүмүүс цаг үргэлж санаачилгатай байгаасай гэж боддог. Жишээ нь манай ах, дүү нар байна. Та бүхэн мэдэх байх ахыг минь. Тосгоны гоё хашаатай Т.Банзрагчийнх гээд. Манай ах ямар их хөдөлмөрч билээ. Би одоо ч ахыгаа дагаж хөдөлмөрлөхийг урьтал болгодог. Хөдөлмөр эрхлэхийнхээ хажуугаар ЭРҮҮЛ МЭНДЭЭ огт орхиж болохгүйг маш сайн ойлгосон. Хайртай хүмүүсийнхээ төлөө бид урт наслах хэрэгтэй. Зөв хооллож, дасгал хийж зөв амьдрах хэрэгтэй. Энэ бүхнийг өдөр тутмын ажил, амьдралтай нь хослуулах гэж манай үйлдвэр олон төсөл, хөтөлбөр, аян хэрэгжүүлдэг. Үүнээс авахаа авч, оролцохоо оролцож байж хувь хүний амьдралд өөрчлөлт гарна.

 

Холбоотой мэдээ