БАЯН-ӨЛГИЙ: Эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд 15291 хүүхдийг хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ![](/files/63be1cfdd32a1.jpeg)
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Хүн амын нас, эрүүл
мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус
өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношилгоог “Эрүүл
мэнд үндэсний баялаг” уриан дор өнгөрсөн оны 5 дугаар сараас орон даяар зохион
байгуулж байгаа.
Үзлэг оношилгоонд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 44321, 18-30
насны 23707, 31-46 насны 21030, 60-аас дээш насны 5966 иргэн хамрагдах ёстой. Үүнээс
өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээгээр 18-аас дээш насны 6206 иргэн, 0-17 насны 15291
хүүхэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд орсон байна.
Үзлэг оношилгоонд орсон 11 иргэнээс элэгний С вирус, 48 хүнээс В вирус
илэрчээ. Мөн ходоодны хавдрын урьдал үе илэрсэн 13, чихрийн шижин өвчин шинээр
оношлогдсон 16, бамбайн дутагдал шинээр оношлогдсон 5, сүрьеэгийн сэжигтэй 15,
цөсний чулуутай хэмээн оношлогдсон 11 иргэн байна.
Элэгний архаг үрэвсэл сэдрэл 17 хүнээс, хөхний фиброз, уйланхай 29, бамбайн
зангилаа 1186, умайн хүзүүний хавдрын урьдал 43, түрүү булчирхайн томрол 19,
бөөрний хавдар 1, ходоодны хавдар 12, улаан хоолой 4, элэгний хавдар 1, нойр
булчирхайн хавдар 1, давсагны хавдар, элэгний хавдар, умайн хүзүүний хавдар тус
бүр 2 иргэнээс илэрсэн байна.
Албаны хүний өгсөн мэдээллээр хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт
болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ,
оношилгоог энэ онд үргэлжлүүлэн хийх ажээ.