Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-03-22 07:36:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

 

1981 оны гуравдугаар сарын 22-нд Улаанбаатарын цагаар 22.59 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрсөн юм. Тус хамтарсан баг гуравдугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.


Энэхүү түүхэн үйл явдлын үр дүнд БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс болсон бол сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.


Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.


Ташрамд дурдахад, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч нар 1978-1981 оны хооронд Оддын хотхонд хоёр орны сансрын нисэгчдийн хамтарсан бэлтгэл, сургуулиас эхлээд сансарт нисэж, бууж ирсэн бүх үйл явдлыг гэрэл зурагт буулгаж тус үйл явдалтай холбоотой архивын гэрэл зургийн 60 гаруй хувийг дангаар бүрдүүлсэн юм. 


Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн МРТУХ-ны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж, монгол, орос, англи, франц, хятад хэлээр дэлхий нийтэд түгээсэн түүхтэй.







Холбоотой мэдээ