ГОВЬ-АЛТАЙ: "Хүлээж биш-Хүрч үйлчилье" хөдөлмөрийн өдөрлөгөөр 590 сул чөлөөтэй ажлын байр зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-22 13:30:20

Есөнбулаг  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Хүлээж биш-Хүрч үйлчилье" хөдөлмөрийн өдөрлөгийг хоёр өдрийн турш зохион байгуулж байна.


Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд ил тод байдлаар танилцуулах, сул чөлөөтэй ажлын байранд ажил хайгч иргэдийг зуучлах зорилгоор өдөрлөгийг энэ сарын 21, 22-нд Алтай хотноо зохион байгуулж байна.

Өдөрлөгийн эхний өдөр 230 орчим иргэн оролцож, 190 гаруй ажлын байранд 67 хүн бүртгүүлсэн аж. Харин хоёр дахь өдрийн үйл ажиллагааг Макс групптэй хамтран зохион байгуулж буй тухай Говь-Алтай аймгийн ХХҮГ-ын дарга Д.Баттайван мэдээлсэн юм. Тэрбээр цааш хэлэхдээ:


"Аймгийн хэмжээнд сул чөлөөтэй 190 орчим ажлын байр үүн дээр Макс группийн 400 нийт 590 ажлын байранд иргэдийг зуучлахаар өдөрлөгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эдгээр ажлын байрыг иргэдэд нээлттэйгээр зарласан, сонирхсон хүн бүр өөрийн мэргэжил, ур чадвартаа тохируулан ажилд орохоор бүртгүүлэх саналаа өгөх бүрэн боломжтой. Жишээлбэл, Макс группийн "Хан-Алтай ресурс" ХХК Говь-Алтай аймгаас дангаараа 50 ажилтныг ажиллах хүчнээр авахаар байгаа. Мөн тус группийн туслан гүйцэтгэгч компаниуд ч манай аймгаас ажилтан бүртгэж авахаар өнөөдрийн өдөрлөгт оролцож байна. Бид иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор энэхүү өдөрлөгийг сумдад зохион байгуулна" гэв.


Макс группийн "Хан-Алтай ресурс" ХХК-ийн уурхай нь одоогоор 350 гаруй ажилтантайгаар Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буйгаас Говь-Алтай аймгийн 100 гаруй иргэн тэнд ажилладаг тухай Макс группийн Хүний нөөцийн албаны захирал Б.Нямлхаажав мэдээлэв. Түүнчлэн тус группт шаардлагатай 400 ажлын байранд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгаас ажиллах хүчин авах тухай онцолсон юм.


Холбоотой мэдээ