ДОРНОД: УОК-ыг хуралдуулж, нэмэгдэл арга хэмжээ авахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-10 20:31:59

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь түймрийн цагийн байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд хандаж, Улсын онцгой комиссыг хуралдуулж нэмэгдэл арга хэмжээ авахыг хүсчээ. 

Одоогоор аймгийн УЦУОШТ-ийн экспедиц 20 ширхэг пуужинтайгаар түймрийн голомт руу явж байгаа бөгөөд маргааш өглөө 06.00 цагийн үед үүл бөөгнөрөх учир зориудаар нөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа юм. Салхины хурд 18-20 м/сек хүрч байгаа нь түймэр унтраахад ихээхэн хүндрэл учруулж байна. 

Дорнод аймгийн Булган, Чулуунхороот суманд гарсан түймрийг унтрааж, цурамд оруулаад байна. Буйр нуурын баруун урд орших Булан дэрс орчимд шинээр түймэр гарч, унтраахаар ажиллаж байгаа аж. 

1990 онд одоогийнхтой адил томоохон хэмжээний түймэр Халх гол сумын нутагт гарч, долоо хоногийн турш хүч нэмэгдүүлэн ажиллаж унтрааж байжээ. 

Холбоотой мэдээ