Франциск Монгол Улсад айлчилсан анхны пап болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-17 10:32:40

ВАТИКАН. /Reuters/. Ромын пап Франциск Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа баталжээ. Тус улс нь 1500 хүрэхгүй католик шашинтантай хэдий ч Хятад улстай хиллэдэг тул Ромын Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм.


Франциск Монголд айлчилж магадгүй талаараа Африкт энэ оны хоёрдугаар сард айлчлаад буцах үеэрээ сэтгүүлчдэд анх ярьж байсан ч эцсийн шийдвэр хараахан гараагүй гэдгийг хэлж байсан.


Харин өнгөрсөн баасан гарагт агаарын тээврийн “ITA Airways” компанийн удирдлагууд болон ажилтнуудтай уулзах үеэрээ есдүгээр сард хийх айлчлалынхаа талаар баталжээ. “ITA Airways” нь Ромын папын албан ёсны тээвэрлэгч компани юм.


Ромын пап, хоёр долоо хоногийн дараа миний бие 41 дэх мөргөлөө үйлдэхээр Унгарыг зорино хэмээн энэ сарын 28-30-нд Зүүн Европын оронд хийх айлчлалынхаа талаар дурдаад, “түүний дараа Марсель, Монгол болон хүлээлгийн жагсаалтад байгаа бусад орнуудад айлчилна” гэж хэлжээ.


Франциск Марсель хотоос шууд Монголыг зорино гэдгээ мэдэгдсэн бөгөөд тэрбээр Марсельд есдүгээр сарын 23-нд хүрэлцэн очих юм.


Өнгөрсөн наймдугаар сард Франциск архиепископ Жоржо Маренгог Монгол дахь анхны хамба ламаар томилсон юм.


Ватиканы зүгээс Хятадад католик шажинтнуудын байдлыг сайжруулахыг оролдож буй бөгөөд Монгол Улс нь тус улстай урт газраар хиллэдэг, нягт харилцаатай тул Ватиканы хувьд чухал ач холбогдолтой юм.


Франциск мөн наймдугаар сард Португалыг зорих бол ирэх онд Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ