Өргөн чөлөөний замуудын нэгдүгээр эгнээг өргөтгөх шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-18 15:17:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны III хуралдаанаас нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шархадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ ХХК-ийн уулзвар орчим, "Мишээл экспо"-гийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобус зорчдог байхаар зохион байгуулахаар боллоо.


Мөн авто замын ачааллыг бууруулахаар гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэх талаар санал боловсруулахыг холбогдох албан тушаалтанд даалгав. Түүнчлэн Улаанбаатарын төв, баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгожээ.


Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва авто замын түгжрэлийг бууруулах, богино, дунд хугацааны бодлогын судалгааг танилцуулахдаа, “Түгжрэлийг бууруулахын тулд хотын гол өргөн чөлөөний 4 замын нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах, мөн дотор тойрог бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулснаар түгжрэлийг 18 хувиар багасгаж, дундаж хурд 13 км цаг болох боломжтой тооцоо гарсан. Дугуйн замыг зөв төлөвлөн сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, чиглэлийн оновчтой зохион байгуулалт хийх, дугуйн зам, гүүрэн байгууламжийг ч нэмэх шаардлагатай. Дунд хугацаандаа төрийн мэдлийн их сургуулиудыг хотын дэд төвүүдэд түшиглэн шилжүүлснээр хөдөлгөөний нягтаршлыг багасгаж болно. Мөн боловсролын салбарыг шинэчилж, харьяаллын сургуулийн тоог нэмснээр түгжрэл буурна хэмээн онцлов. 

Холбоотой мэдээ