Шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар ашиглахгүй тээврийн хэрэгслээ хасуулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-21 08:59:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллого зохион байгуулж байна.


Өнгөрсөн оны эцсийн байдлаар 1.264.000 тээврийн хэрэгслийг бүртгэлийн санд бүртгэжээ. Үүнээс нийслэлд 72.001, орон нутагт 90.007, нийт 162.008 тээврийн хэрэгсэл нь татвар, даатгал төлдөггүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тул улсын бүртгэлээс хасна гэсэн судалгаа гаргажээ. Энэ дагуу ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд 150.647 тээврийн хэрэгслийг, мөн өмчлөгчийн хүсэлтээр 4972 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хаслаа. Одоогоор 1.138.337 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.


Орон нутагт 130.236 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас энэ сарын 19-ний байдлаар 11.146 тээврийн хэрэгсэл буюу 8.6 хувь хамрагджээ. Үүнээс өмчлөгчийн мэдээллийг шинэчилсэн 4948, техникийн үзлэгт хамрагдсан 2579, хасуулах хүсэлт өгсөн 2335, журмын хүрээнд хассан 1351, хасуулах хүсэлт өгсөн 2335, худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэлээр тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлсэн ч худалдан авсан иргэн өөрийн нэр дээр бүртгэл хийлгээгүй 696 тээврийн хэрэгсэл байв.


Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн нэр дээр байсан тээврийн хэрэгслээ худалдах, худалдан авах гэрээ, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн ч худалдаж авсан этгээд нэр дээрээ шилжүүлээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн торгууль, татвар бүртгэлийн санд бүртгэлтэй өмчлөгчийн нэр дээр гарч, өр үүсэх нь бий. Мөн цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд оролцдоггүй, сэлбэг, задаргаанд орсон, шатсан, төмрийн хаягдалд өгсөн гэх мэт шалтгаанаар ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл тус санд бүртгэлтэй хэвээр байна.


Иймд иргэд бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатайг Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж онцлоод, “Бүртгэлийн сангаас хасуулахгүй бол иргэдэд татварын ногдол жил бүр үүсэх тул ашиглахгүй болсон тээврийн хэрэгслээ хасуулах”-ыг уриаллаа.   

Холбоотой мэдээ