ЗАВХАН: Шилжин ирж буй иргэд ажиллах боломжоор хангагдаж, таатай орчинд амьдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-04-25 12:40:19

Улиастай/МОНЦАМЭ/. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Завхан аймгийн тухайд дээрх бодлогыг дэмжиж, шилжин ирэгсдэд ямар боломжуудыг олгож байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяраас асууж тодрууллаа.


-Нээлттэй Завхан хөтөлбөрийг ямар зорилго, зорилттой хэрэгжүүлэх вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, түүн дотроо Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгжийг дэмжих зорилт, үйл ажиллагааг аймаг бүр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Нээлтэй Завхан аймаг” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэхдээ таван зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн эхний шатыг 2023-2024 оны нэгдүгээр улирал дуустал буюу нийт 15 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.


Хөтөлбөрийн зорилго нь аймагт шилжин ирж суурьших, ажиллаж амьдрах шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэх. Нутагтаа тогтвор, суурьшилтай ажиллаж хөдөөгөөс хот руу шилжих шилжилтийг багасгах. Хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжиж, хамтарч ажиллах замаар аймгийн хүн амын бодит өсөлтийг одоогийн хүн амын 10 хувьд хүргэх юм.

Тухайлбал, шилжин явагсдын тоог бууруулах, шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйцээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна. Мөн аймгийнхаа онцлог, түүх соёл, нөөц боломжид суурилан хотоос ирэх, орон нутагтаа тогтвортой ажиллах иргэд, ААН, байгууллагын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлнө. Ингэхдээ аймаг руу татах хүчин зүйлсийг нэмэгдүүлэх, түлхэх хүчин зүйлсийг бууруулах замаар эдийн засгийн таатай орчныг бүрдүүлнэ.


Гадаад дотоодын хөрөнгө оруулалт, түүний үр дүнг орон нутаг руугаа татах зорилго, түүнд нөлөөлөх хүчин зүйлстэй уялдуулж ажиллахыг зорьж байна. Шилжин явагсдын тоог бууруулах, шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах боломж бүхий иргэд, ААН, байгууллага руу чиглэсэн бодлого, хөтөлбөр, дэмжлэг, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, нөхцөл байдлын талаар танилцуулга, сурталчилгааг зохион байгуулж, үр дүнд хүргэнэ. Шилжин явагсдын тоог бууруулах, шилжин ирэгсдийн тоог нэмэгдүүлэхэд төр, ИНБ, ААН байгууллага, иргэд зэрэг, талуудын оролцоо, хамтын ажиллагааг бий болгох, сайжруулах ажлуудыг хийж эхэлсэн.


-Шилжин ирж буй иргэдэд яг ямар боломжуудыг өгөх вэ?

-Орон нутагт шилжин ирж буй иргэдийг дэмжих төрийн бодлого, шийдвэрүүд гарч, эхнээсээ хэрэгжиж эхлээд байна. Жишээлбэл, манай аймагт зургаан байршилд 260 гаруй айлын орон сууц барьж эхэлсэн бөгөөд энэхүү орон сууцууд нь ипотекийн зээлд хамрагдах боломжийг нээж өгсөн. Ипотекийн зээлийн хүүг орон нутагт 3 хувь болгож бууруулсан, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг нь төр батлан даахаар болсон зэрэг боломжууд байна.

Мөн иргэдэд газар олгох асуудлыг улсын хэмжээнд бодлогын түвшинд ярьж байгаа бөгөөд Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас орон нутагт шилжин ирж буй иргэнд эхний ээлжинд газар өгөхөөр шийдвэрлэсний дагуу хэрэгжилт хангагдаж байна.


-Шилжин ирсэн иргэдийг ажлын байр болон бусад төрийн үйлчилгээгээр яаж хангах вэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сул ажлын байрны мэдээлэл, шинээр үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгж бий болох ажлын байрны судалгааг нэгтгэн боловсруулж байна.

Манай аймагт шилжин суурьшихыг уриалсан өдөрлөг, уулзалтыг 2023 оны тавдугаар сарын 15-20-ны өдрүүдийн хооронд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ үйл ажиллагаанд нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулна. Цаашид шилжин ирж буй иргэдийг ажлын байраар нэн тэргүүнд хангах, шинээр ажлын байр бий болгоход анхаарч ажиллах юм.


-Завхан аймагт амьдрахад давуу талууд бий юу?

-Завхан бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой аймаг юм. Говь, хангай хосолсон экосистемтэй, агаарын бохирдол, түгжрэл бага гэх мэтчлэн хүний эрүүл мэндэд эергээр нөлөөлөхүйц таатай орчинтой. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хүртээмжийн хувьд хоттой харьцуулахад нэг цэцэрлэгт оногдох хүүхдийн тоо, нэг багшид ноогдох хүүхдийн тоо харьцангуй бага үзүүлэлттэй байна.

Тодруулж хэлбэл, цэвэр агаар, экосистем бүхий байгальтай тул эрүүл амьдрах. Тайван, аюулгүй орчинд стресс, уур бухимдалгүй байна. Замын хөдөлгөөний түгжрэлгүй учир цаг хугацаагаа хэмнэж чадна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд Улаанбаатар хоттой харьцуулахад нэг цэцэрлэгт оногдох хүүхдийн тоо 26.8 хувиар, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 19.3 хувиар бага тул бага насны хүүхдээ цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой юм.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хувьд Улаанбаатар хоттой харьцуулахад нэг сургуульд оногдох хүүхдийн тоо хоёр дахин, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 75.2 хувиар бага тул чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжтой гээд давуу талууд бий.


-Завхан аймаг бизнесийн таатай орчинтой юу?

-Манай аймагт нийт 2425 аж ахуй нэгж бүртгэлтэйгээс 1099 буюу 45 хувь нь үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх хувь нь  бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажилладаг. Тиймээс бусад салбарт бизнес эрхлэх боломжтой юм. Бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор нэг хувийн хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. Мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэргээс хэд хэдэн төрлийн зээлийг олгох боломжтой юм. Дээр хэлсэн өдөрлөг уулзалтын хүрээнд томоохон бизнес эрхлэгчдийг урьж оролцуулах бөгөөд орон нутагтаа ирж бизнесээ өргөжүүлэх саналыг тавих юм.

-Танд баярлалаа.




ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН:

-Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 553.3 тэрбум төгрөг. Үүнээс хөдөө аж ахуйн салбар 304.0 тэрбум төгрөг буюу 54.9 хувийг, үйлдвэрлэлийн салбар 66.9 тэрбум төгрөг буюу 12.0 хувийг, үйлчилгээний салбар 182.3 тэрбум төгрөг буюу 34.1 хувийг тус тус бүрдүүлж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР:

-Аймгийн хэмжээнд нийт эрүүл мэндийн салбарын 110 байгууллага, 1145 эмч, ажилтан ажиллаж, 50 эмнэлэг, 60 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулж байна.   

БОЛОВСРОЛЫН САЛБАР:

-2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 29 сургууль, Монгол Улсын Консерваторын харьяа Хөгжим бүжгийн коллеж 1, нийт 30 сургууль, 631 бүлэгт 15767 хүүхэд суралцаж байна. Үүнээс малчдын хүүхэд 6282, бага боловсролд 7400, суурь боловсролд 5663, бүрэн дунд боловсролд 2704 хүүхэд суралцаж байна.

Төрийн 38, хувийн 4 цэцэрлэгийн 198 бүлэгт 5119 хүүхэд хамрагдаж байна.

Завхан аймаг дахь Политехникийн коллеж, Тосонцэнгэл сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол Улсын Их сургуулийн харьяа Завхан сургууль нь мэргэжлийн боловсролыг олгодог.




ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ:

-Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон.

-Завхан аймгийн Улиастай суманд 25 гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангах боломж бүрдэж байна.

-24 сумын төвийн төрийн байгууллага, айл өрхүүд төвлөрсөн халаалтад бүрэн холбогдсон.

-Бүгд найрамдах Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хоногт 3000 куб.м/хоног хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламж баригдахаар ажил эхэлсэн.

-Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт баригдах 800 айлын орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ ашиглалтад орсон.

-Боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн 80 гаруй хувь нь шинэчлэгдсэн.

-Орон сууцны зориулалт бүхий барилгууд жил бүр шинээр баригдаж байна. Тухайлбал, 2022 онд 4 байршилд 81 айлын орон сууц ашиглалтад орсон.




ЗАВХАН АЙМАГТ ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖУУД:

-Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт “Шинэ Завхан” төслийг эхлүүлж, 800 айлын орон сууцыг барьж байгуулахаар ТЭЗҮ хийгдэж, ажил эхэлсэн.

-Тус төслийн хүрээнд 150 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, спорт заал барихаар хөрөнгийг улсын төсөвт суулгах ажил эхэлсэн.

-Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Арц суурь-Нарийн сухайт - Шивээ хүрэн”  чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлсэн.

-Ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 3 хувь, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.

-Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1%-ийн хөнгөлөлттэй зээл олгоно.

-Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно.

-Боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт ажиллаж буй сумдын төрийн албан хаагчдад 5 жил тутам 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно.

-Орон нутагт дутагдалтай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт бизнес эрхлэх боломжтой.

-Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх бодлогыг баримталдаг тул тус салбарт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлнэ.

-Шилжин суурьшигчдад дэмжлэг үзүүлэх бодлого, зорилт, арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлж байгаа тул мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.




ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ БОЛОН АШИГЛАЛТАД ОРСОН ОРОН СУУЦУУД:

-Жинст багт үйлчилгээтэй 17 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Өндөр говь мэргэн ХХК/

-Богдын гол багт баригдаж буй 128 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Ихрийн бууц ХХК/

-Өлзийт багт баригдаж буй 42 айлын орон сууц /Гүйцэтгэгч: АрСиДи ХХК/

-Богдын гол багт баригдаж буй иргэн Туваандоржийн 17 айлын орон сууц

-Жинст багт баригдаж буй 15 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Алтан харш ХХК/

-Сонгино суманд баригдаж буй 12 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан/

-Түдэвтэй суманд баригдаж буй 12 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан/

-Их-Уул суманд баригдаж буй 12 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан/

-Идэр суманд баригдаж буй 12 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Отгоргуйн цагаан гарьд сан/




ЗАВХАН АЙМАГТ ШИНЭЭР БАРИГДАХААР ТӨЛӨВЛӨГДӨЖ БУЙ ОРОН СУУЦУУД:

-Улиастай суманд баригдах 48 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Жинст цамхаг ХХК/

-Тосонцэнгэл суманд баригдах 24 айлын орон сууц /Гүйцэтгэгч: Энх өвөгдий ХХК/

-Шинэ Завхан” 800 айлын орон сууц

-“Вансэмбэрүү хотхон” 


Холбоотой мэдээ