Л.Энх-Амгалан: Инновацид зарцуулсан ДНБ-ий нэг хувь эдийн засагт тэр хэмжээгээр өсөлт үзүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-05 15:25:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Инновацын түншлэл форум-2023”-ыг БШУЯ-наас өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд ЦХХХЯ, МҮХАҮТ хамтран оролцож, форумын үеэр инновац шингээсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарав.


“Инновацын Түншлэл форум-2023”-оор Инновацын 7 хоног орон даяар эхэлж буйг ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдэв. Долоо хоногийн үеэр Монголд IT-ийн салбарын гадаад, дотоодын төлөөлөл оролцсон томоохон форумыг зохион байгуулж, мэдээллийн технологийн салбарынхны хамгийн том цугларалт болно гэдгийг мэдээллээ.


Үүнд Төв Ази болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын харилцаа холбооны сайд, дэд сайд, холбогдох албаныхныг урьсныг мэдэгдээд, форумд салбарын үндэстэн дамнасан 10-аад компани, дотоодын 150 байгууллага, ААН, компани оролцож инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, хамтран ажиллах болон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулна гэв.


Манай улс 2012 онд Инновацын тухай хуулийг гарган, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль эрх зүй хангагдсанаар Монгол Улс дэлхийд инновацын индексээр 17-18 байраар урагшилжээ. Гэвч сүүлийн жилүүдэд 10 байраар хойшлоод байна. Үүнийг ЦХХХ-ны сайд Н.Учрал манай улс гаргасан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаатай шууд холбон тайлбарлав. Тодруулбал, хэрэгжилт дээр эрдэмтэн, судлаачид болон инновацын бизнесийн гарааны компаниудын оролцоог хангах тал дээр төр-хувийн хэвшлийн түншлэл сайнгүй, тэдний бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгааг хэллээ.


ЦХХХ-ын сайд Н.Учрал: Инновацын үйл ажиллагааг бүх салбарт нэвтрүүлэхэд харилцаа холбоо, мэдээлэл-технологийн салбар хөгжлийн том хөшүүрэг нь болж ажиллах хэрэгтэй байгаа.




Аливаа улс орныг шинжлэх ухааны судалгаа-хөгжүүлэлтээ хэрхэн хөгжүүлж, инновацыг дэлгэрүүлж буйг 3 үзүүлэлтээр авч үздэг байна. Үүнд, нэг сая хүнд ногдож буй эрдэмтэн судлаачдын тоо, хоёрт, ДНБ-ээс шинжлэх ухаанд зарцуулж буй хувь хэмжээ, мөн хувийн хэвшилд оруулж буй судалгаа, шинжилгээ, инновацын зарцуулалт ордог байна.



Дээрх үзүүлэлтүүдээр манай улсыг авч үзэхэд, нэг сая хүнд 400 хүрэхгүй эрдэмтэн судлаач ногдож, нийт 1200-1300 эрдэмтэн судлаач ажиллаж байна. Үүнийг манайхтай ойролцоо хөгжилтэй, хөгжиж буй орнуудтай харьцуулан авч үзэхэд Монгол Улс 3-4 дахин бага эрдэмтэн, судлаачтай байгааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэллээ.


Шинжлэх ухаанд ДНБ-ий 1 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцуулахад буцаад эдийн засагт 1 хувийн өсөлтийг өгдөг шууд хамаарлыг тэрбээр тодотгон, манай улс дээрх 3 үзүүлэлтийг хангах чиглэлд анхааран, сул талуудаа дээшлүүлэн ажиллаж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. 


Бизнесийн орчны судалгааны дүнгээс харахад уул уурхайн салбар, мэдээллийн технологийн салбарт инновац нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага илүү өндөр гарсан ч уул уурхайн бус экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд инновацыг илүү нэвтрүүлсэн үр дүнтэй байгааг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцуулав.


Тэрбээр, өнөөдрийн форумд “Инновацын түншлэл”-ийн гол хамтрагч талууд оролцож, инновацыг дэмжин хөгжүүлэх орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааны оролцоогоо тодорхой болгох талаар хэлэлцэж байна. Эндээс оновчтой гарц шийдлийг тодорхойлсон, ажил хэрэг болох санал санаачилгууд гаргахыг уриалсан юм



Холбоотой мэдээ