Теннессигийн амьтны хүрээлэнд ямар ч толбогүй анаашны тугал төржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-08-23 14:56:05

ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын Теннесси муж улс дахь нэгэн амьтны хүрээлэнд ямар ч толбогүй ховор төрөл зүйлийн анаашны тугал төржээ. 


Толбогүй анааш Теннессигийн Лаймстоун хотын “Brights Zoo” амьтны хүрээлэнд долоодугаар сарын 31-нд төрсөн бөгөөд мэргэжилтнүүд энэ амьтныг дэлхий дээрх цорын ганц толбогүй цулгуй анааш гэж үзэж байна. 


Өнгөрсөн ням гарагт тус амьтны хүрээлэн бяцхан тугалд нэр өгөх уралдаан зарлажээ. Түүнчлэн үзэгчид амьтны хүрээлэнд ирж анаашны тугалыг харах боломжтой. Амьтны хүрээлэнгийн захирал Дэвид Брайтын ярьснаар, хамгийн сүүлд толбогүй анааш 1972 онд Токиод бүртгэгдэж байжээ. Тошико нэртэй уг анааш “Ueno Zoo” амьтны хүрээлэнд төрсөн болохыг архивт хадгалагдаж буй гэрэл зургууд гэрчилнэ.


Цоохор анааш нь бор биетэй, улбар толботой анаашны төрөл зүйл юм. Анааш хамгаалах сангийн мэдээллээр, энэ төрөл зүйлийн анаашнууд Африкаас гаралтай бөгөөд 2018 онд нэн ховордсон амьтдын жагсаалтад оржээ. Хэвлэлийнхний анхаарлыг ихэд татаж буй энэхүү толбогүй анаашны тугал нь энэ төрөл зүйлийн амьтдад тулгарч буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулахад тус дөхөм болно хэмээн амьтны хүрээлэнгийн ажилтнууд үзэж байна.


“Манай толбогүй тугалны талаар олон улсын хэвлэлүүдэд гарч буй мэдээлэл нь анаашийг хамгаалахад  хүмүүсийн анхаарлыг хандуулж байна. Зэрлэг байгаль дахь эдгээр амьтдын тоо толгой цөөрч, сүүлийн 30-хан жилийн дотор нийт анаашны 40 хувь нь устаж үгүй болоод байна” гэж “Brights Zoo”-г үүсгэн байгуулагч Тони Брайт ярилаа.


Даваа гарагт амьтны хүрээлэнгийн захиргаанаас анаашны тугалд өгөх дөрвөн нэрийг шигшин үлдээжээ. Тэдгээрийг дурдвал, цор ганц гэх утгатай Кипики, ер бусын гэсэн утгатай Фиряли, “хамгийн үзэсгэлэнтэй” гэх утгатай Шакири, “агуу гоо үзэсгэлэнгийн нэг” гэсэн утгатай Жамелла гэсэн нэрнүүд үлджээ.


Ташрамд дурдахад, 2020 онд Кенид нэн ховор төрлийн гурван цагаан анааш үзэгдсэн юм. Эдгээр анааш бүгд пигмент алдагдсаны улмаас цагаан арьстай болгодог ховор төрлийн генийн эмгэгтэй /лейкизм/ байжээ. Анаашнуудын хоёрыг нь хулгайн анчид хөнөөсөн бол үлдсэн нэг анаашийг хамгаалахын тулд түүнд байршил тогтоогч зүүжээ.

Холбоотой мэдээ