АСЕАН-ы анхны хамтарсан цэргийн сургуулилалт Индонезид эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-20 16:47:31

ЖАКАРТА. /Kyodo/. Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн ажиллагаатай холбоотой хурцадмал байдал даамжирч буй энэ үед Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо /АСЕАН/ Индонезийн эзэмшлийн тэнгисийн бүсэд тус холбооны анхны хамтарсан цэргийн сургуулилалтыг мягмар гарагт явуулж эхэллээ. 


Индонезийн Натуна арлуудын эргэн тойронд явуулах таван өдрийн сургуулилалт нь байлдааны ажиллагаа гэхээсээ илүүтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авахад чиглэж байна гэж АСЕАН-ыг энэ онд даргалж буй Индонезийн тал мэдэгдсэн байна. Хээрийн сургуульд оролцуулахаар Индонез, Малайз, Сингапур, Бруней, Тайланд улс цэргийн алба хаагчдаа илгээжээ.


Индонезийн цэргийн командлагч, адмирал Юдо Маргоно хэлэхдээ, энэхүү сургуулилалт нь Бээжингийн саяхан гаргасан Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсийн шинэ газрын зурагтай холбоотой гэсэн таамаглалыг няцаалаа. Гэхдээ АСЕАН-ы 10 гишүүн нэгдмэл хэвээр байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болно гэж тэрбээр мэдэгдлээ.


АСЕАН-ы зарим гишүүн орон Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн ажиллагаа, ялангуяа Бээжин өөрийн эзэмшлийнх гэж мэдэгддэг бүсүүдэд цэргийн ажиллагаа нь өргөжин тэлж байгаагаас улам бүр болгоомжлох болжээ


Сургуулилалтыг хойд тэнгисийн усанд хийхээр төлөвлөж байсныг өмнөдөд болгон өөрчилсөн нь Хятадын дургүйцлийг төрүүлэхээс болгоомжилсон бололтой. АСЕАН-ы гишүүн орнууд өмнө нь АНУ, Хятадтай тус тус хамтарсан цэргийн сургуулилалт хийж байсан боловч холбооны гишүүн орнуудыг хамарсан хамтарсан сургуулилалт өнөөг хүртэл болж байгаагүй юм.


Түүнчлэн саяхан Индонезид АНУ, Япон, Австрали, Франц, Сингапур, Их Британийн олон мянган цэрэг оролцсон Super Garuda Shield хэмээх цэргийн сургуулилалт болсон билээ. АСЕАН-ы холбоонд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн 10 орон багтдаг.

 



Холбоотой мэдээ