Тайванийн тэрбумтан дарсны цуглуулгаа дуудлагаар худалдана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК, 2023 оны есдүгээр сарын 29 /CNN/. Тайванийн тэрбумтан Пьер Чен өөрийн нүсэр цуглуулгаасаа 25 мянган шил дарсыг дуудлага худалдаагаар борлуулах гэж байгаа бөгөөд хамгийн ховор төрлийн дарсны лонх тус бүр нь 190 мянган доллараар үнэлэгдэх бололтой.
Дуудлага худалдааны Sotheby's
ордноос зохион байгуулж буй энэхүү таван удаагийн үнэ хаялцуулах худалдаагаар дээрх тооны дарс нийт 50 сая долларын үнэ хүрэх төлөвтэй байгаа нь урьд хожид сонсогдоогүй тоо юм.
“Ноён Чен дарсны талаар маш өргөн мэдлэгтэй. Түүний цуглуулга хэмжээ, цар хүрээний хувьд гайхалтай” гэж “Sotheby's
Wine”-ийн Ази тивийг хариуцсан дарга Жорж Лэйси ярилаа. П.Чен бол электрон бараа үйлдвэрлэгч “Yageo” гэдэг корпорацын үүсгэн байгуулагч, захирал бөгөөд 40 жилийн турш дарс цуглуулж байгаа гэнэ.
"Одоогийн байдлаар түүний зооринд хэн нэгэн хүн насан туршдаа уугаад ч барахааргүй олон шил дарс байгаа" гэж Лэйси хэлсэн боловч лонхны тоог дурдсангүй. Ямартаа ч түүний зоорин дахь лонхны тоо "зургаан оронтой тоогоор" хэмжигдэх бөгөөд энэхүү дуудлага худалдаагаар Чений цуглуулгын "өчүүхэн хэсгийг" борлуулах ажээ.
Форбс сэтгүүлд П.Чен 5.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Тайваньд 10 дугаарт, дэлхийд 515 дугаарт орохоор баян хүн гэдгийг дурдсан байна. Тэрбээр 1970-аад оны үеэс Бордогийн дарс цуглуулж эхэлсэн бөгөөд улмаар тухайн үедээ нэрд гараагүй байсан Бургундийн дарсыг цуглуулах болжээ.
Дуудлага худалдааны үеэр “La Tâche” усан үзмийн талбайн 1985 оны зургаан литрийн хоёр “methuselahs” (зургаан литрийн лонхны нэр) улаан бургунди дарс тус бүр нь 120-190 мянган доллар буюу хамгийн өндөр үнэ хүрэх төлөвтэй байна.
Мөн 1999 оны өөр сортын усан үзмийн улаан бургунди дарсны нэг “methuselahs” лонх нь 100-130 мянган доллароор зарагдах болов уу.
Зургаан литрийн лонхтой, 1982 оны ховор төрлийн Château Pétrus бордо улаан дарс 65 мянган долларт хүрч магадгүй.
"Эпикурийн
атлас" гэж нэрлэгдэж буй энэхүү таван
удаагийн цуврал дуудлага худалдаа нь бүтэн жилийн турш явагдах бөгөөд эхнийх нь ирэх 11 дүгээр
сард Хонконгт болж, улмаар Парис, Нью-Йорк, Бургундигийн Бьюн хотод үргэлжилнэ.