МИАТ компани түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-26 15:17:57

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь агаарын хөлгийн түлшний зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр “Open Airlines” компанийн SkyBreathe–Түлш хэмнэлтийн хөтөлбөрт нэгдлээ.


Хөтөлбөрт нэгдсэнээр нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөлгүйгээр агаарын хөлгийн түлшний зарцуулалтыг 5 хүртэл хувиар бууруулах, байгальд ээлтэй үйл ажиллагааны зорилтуудын нэгээхэн хэсэг болох нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Байгаль орчинд ээлтэй нислэгийн платформоор тэргүүлэгч SkyBreathe-г Air France, easyJet, DHL, Norwegian, IndiGo, flydubai, Atlas Air зэрэг дэлхийн 60 гаруй агаарын тээврийн компани түлшний зардал, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахаар ашигладаг аж.


Хиймэл оюун ухаан, программ хангамжийн ухаалаг технологи массын өгөгдлийн алгоритм бүхий SkyBreathe нь агаарын хөлгийн компьютер, бусад мэдээллийн өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түлш хэмнэх боломжийг гаргаж ирдэг технологийн систем юм. Нисгэх багийнхан “My fuel coach” апп ашигласнаар нислэгийн өмнө, дараа хүн бүр өөрийн оруулж буй хувь нэмэр, хэмнэлтийг тоон, график үзүүлэлтээр хэмжих боломжтой. Ингэснээр нисгэгч бүрийг дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, нислэгийн үед түлшний зарцуулалтыг багасгах, нүүрсхүчлийн хийг хязгаарлахад чиглэсэн шийдвэрийг бодитоор гаргахад дөхөм болохыг ИНЕГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ