Илон Маск Израилд айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-28 11:06:16

ИЕРУСАЛИМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /BBC/. Израилын Ерөнхийлөгч Исаак Херцог Америкийн SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Масктай уулзах үеэрээ түүнийг антисемитизмийг /еврейчүүдийг үзэх ядах үзэл/ дэвэргэхээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.


И.Херцог хэлэхдээ "олон нийтийн сүлжээнүүд, түүний дотор таны удирдаж буй сүлжээнд антисемитизмийн ужгирсан асуудал илэрдэг" гэсэн байна.


Даваа гарагт И.Маск ХАМАС бүлэглэлийн халдлагад өртсөн Израилын Кфар-Аза сууринд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн хамт очсон бөгөөд энэ үеэр 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийнхэн Израил руу халдан довтлох үеийн бичлэгийг И.Маскт үзүүлжээ. Халдлагын улмаас 1200 хүн амь үрэгдэж, 240 хүн барьцаалагдсан юм. Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын хариу цохилтод өртөн 14500 гаруй хүн амь үрэгдсэн байна.


Айлчлалын үеэр И.Маскийн компанийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink-ийн талаар тохиролцоонд хүрсэн байна. Израилын тал цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсний улмаас Газын зурваст интернэтийн сүлжээ тасалдсаны дараа И.Маск Starlink-ийг тус зурвас дахь тусламжийн байгууллагуудад нэвтрүүлэхийг санал болгож байсан юм.


Гэвч Израилын тал уг технологийг ХАМАС бүлэглэл ашиглаж болзошгүй хэмээн мэдэгдэж байв. Харин даваа гарагт Starlink-ийг зөвхөн Израилын Засгийн газрын зөвшөөрлөөр Израил болон Газын зурваст ашиглаж болно гэсэн тохиролцоонд хүрсэн байна. Израилын Харилцаа холбооны сайд Шломо Кархи энэхүү тохиролцоог "маш чухал" хэмээн тодорхойлжээ.

 



Холбоотой мэдээ