Хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлт орсныг тайлбарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээллээ.
Монголын Хөрөнгийн
зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос сайжирч энэ жил 10 их наяд төгрөг давсан. Санхүүгийн
системийн 5 том банк хувьцаа гаргаж, төрийн өмчит компаниудын засаглалыг
сайжруулах ажил амжилттай үргэлжилж байгааг “Монголын хөрөнгийн бирж”
ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай онцлоод,
дээрх хуулиудын хөрөнгийн зах зээлтэй холбоотой онцлох заалтын
талаар тайлбарласан юм.
Тэрбээр, Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг
албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан
өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан
татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлнө. Дотоодын үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан
өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах
албан татварыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24.1.9, 24.1.10-т заасан
зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээд ногдуулж, суутгана гэсэн байгаа. Мөн Үнэт цаасны зах зээлийн
тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийн “өмнө
хүлээсэн” гэсний дараа “татварын хуульд зааснаас бусад” гэж нэмсэн". Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах,
татварын хувь хэмжээг тэгшитгэсэн зэрэг нь хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд
тогтвортой явуулахад үр дүнтэй шийдвэр гарсан” гэдгийг хэлэв.
Харин Санхүүгийн
Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан, “Үнэт цаасны салбар
сүүлийн 5 жилд хамгийн өндөр өсөлттэй байсан нь Засгийн газраас хэрэгжүүлсэн
үйл ажиллагаатай холбоотой. МХБ-ээр дамжуулаад арилжаа хийж байгаа. Ирэх оноос брокероор дамжуулан арилжих үйл ажиллагаа хэрэгжиж, МХБ,
СЗХ, өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд холбогдох 17 журам зааврыг мөрдөж
байгаа. Нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах
зохицуулалтыг энэ оны
нэгдүгээр сарын нэгнээс мөрдсөн.
Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн ногдол ашгийн орлого, бондын хүүгийн орлогоос олж буй татварууд 10 байснаа 50 хувь болж буурсан. Цаашид хөрөнгийн зах зээлийн өсөлтийг тогтвортой хадгалах, хөрөнгө
оруулагчдад чиглэсэн татварын бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр ХХОАТ, ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрөөс гадна
гадаадын хөрөнгө оруулагчид биржээр дамжуулан хөрөнгө оруулах нөхцөл
бүрдүүлсэн. Ийм ч учраас өнгөрсөн хоёр долоо хоногт Монголын санхүүгийн зах зээлийг олон
улсад танилцуулах өдөрлөгийг Хонгконг, Шанхайд амжилттай зохион байгууллаа" гэсэн юм.