Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-01 17:02:37

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн 14 дэх хэлэлцээг зохион байгууллаа.


“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” батлагдсанаар хоёр улсад ажилласан (даатгуулсан) хугацааг нэгтгэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврээ 2 улсаас авах эрх зүйн орчин бүрдэж, иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа сайжрах чухал ач холбогдолтой юм.


Энэ удаагийн хэлэлцээг 11 дүгээр сарын 28, 29-нд Астана хотод зохион байгуулж, Монгол талаас ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Казахстан талаас Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Олон улсын хамтын ажиллагаа, интеграцийн газрын дарга Асансеитова Саадат Муханбетовна нар ахлав. Шинжээчдийн уулзалтаар хэлэлцээрийн төсөл, мэдээлэл солилцох маягтыг эцэслэн боловсруулж, хоёр талын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангаж, 2024 онд хэлэлцээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзлээ.


Түүнчлэн, Монгол Улс нийгмийн халамжийн тогтолцооны шинэчлэл хийж байгаатай холбогдуулан Казахстан Улсын нийгмийн халамжийн тогтолцоотой танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд нийгмийн хамгааллын цахим систем, зорилтот бүлгийг тодорхойлох аргачлал, түүгээр дамжуулан үзүүлж буй халамжийн ижил төстэй хөтөлбөрийн талаар харилцан туршлага судалж, Казахстан Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангах, тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлэхээр Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг хэлэлцэх Монгол-Казахстаны шинжээчдийн ажлын хэсгийг байгуулан 2018 оноос хойш 14 удаа хэлэлцээ хийгээд байгааг ХНХЯ мэдээлэв.


ГХЯ-ны мэдээллээр Монгол Улсын 5195 иргэн Казахстан Улсад оршин сууж байгаагаас 3120 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг бол ГИХГ-ын мэдээгээр манай улсад БНКазУ-ын 519 иргэн оршин суудгаас 63 нь хөдөлмөр эрхэлдэг аж.

Холбоотой мэдээ