ЖДҮХС-гийн зээлд хамрагдагчдын 7600 гаруй нь зээлээ эргэн төлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-05 12:37:22

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар Олон Улсын Санхүүгийн корпорацийн Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн салбар хариуцсан эдийн засагч Эшли Чиан Ван болон албаны бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Эшли Чиан Ван Дэлхийн банк, ОУСК-ийн хамтарсан Уур амьсгалын өөрчлөлтийн хөгжлийн тайлан судалгааны ажил эхэлсэнтэй холбоотой хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаа, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг бэрхшээлийн талаар асууж тодрууллаа.


ЖДҮГ-ын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-аас зээлдэгчдээ чадавхжуулах, үйл ажиллагааг хялбарчлах, зээлээ эргэн төлөх чадамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангахаар олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран сургалт, CEO клуб, онлайн сургалт, цахим апликэйшн бүтээх зэрэг ажил зохион байгуулдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг салбар нь хөдөө аж ахуй гэдгийг дурдаад, ЖДҮ эрхлэгчдэд цаг уураас гадна санхүү, зах зээлд гаргах туршлага, хүний нөөцийн дутагдал бий. Эдгээрийг шийдэх зөв алхам нь загвар хоршоо бий болгох юм. Иймд санхүүжилтийн үүсвэрийг тодорхойлоод, өргөдөл хүлээн авч, сонгон шалгаруулалт хийнэ. Загвар хоршооны ТЭЗҮ-ийг тооцоход хоршоологчид 2-3 жилд зээлээ төлж дуусгаад, орлого нь тогтворжих юм. Ингэснээр иргэд байнгын ажлын байр, тогтмол орлоготой, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой” гэлээ.


Эшли Чиан Ван шаардлагатай мэдээллийг өгсөн үр дүнтэй уулзалт байсныг онцлоод, тодруулах зүйл гарвал дахин уулзалт товлохоор тохирчээ.


ЖДҮХС-гаас одоогоор 8600 зээлдэгч хөнгөлөлттэй зээл авснаас 7600 гаруй нь эргэн төлөөд байгаа аж.

Холбоотой мэдээ