Pantone ирэх оны гол өнгийг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-12-08 15:10:51

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /TASS/. Америкийн “Pantone Color Institute” хүрээлэнгийн мэргэжилтнүүд  "Peach Fuzz 13-1023" кодтой тоорын өнгийг ирэх оны гол өнгөөр нэрлэлээ. 


"Peach Fuzz 13-1023 нь өөрийгөө болоод бусдыг эрхэмлэн хайрлах бидний хүслийг илэрхийлдэг. Энэ бол зөөлөн дулаан хилэн тоорын сүүдэр бүхий өнгө бөгөөд оюун ухаан, бие, сэтгэлийг баяжуулдаг өнгө” хэмээн тус байгууллага онцолжээ.   


“Pantone Color Institute” бол загвар, хэвлэл, интерьер дизайн, сурталчилгаа, кино зэрэг янз бүрийн салбарт өнгөний сонголт хэрхэн нөлөөлдгийг судалдаг төв юм. Тус хүрээлэн 2000 оноос хойш гол өнгийг тодорхойлсоор иржээ. Өнгөрсөн онд “долгиотсон шинэ улаан” өнгийг гол өнгөөр нэрлэсэн юм. 


Мөн дэлхийн өнгөний чиг хандлагын талаар таамаг дэвшүүлэхийн зэрэгцээ шинэ бараа бүтээгдэхүүн, брэндүүдэд ямар өнгийг ашиглах талаар үйлдвэрлэгч компаниудад зөвлөгөө өгдөг. “Pantone” хүрээлэн бол дэлхийн хамгийн нэр хүндтэй бөгөөд өнгө, сүүдрийн талаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн гол эх сурвалж гэж шинжээчид үздэг юм.  

Холбоотой мэдээ