Ялтан шилжүүлэх тухай гэрээг эмхэтгэсэн ном гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-24 13:54:15

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Монгол Улсаас бусад улстай байгуулсан иргэн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээний эмхэтгэл” номыг эрхлэн гаргав.

Манай улс одоогийн байдлаар нийт 20 улстай 28 төрлийн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг байгуулсан байдаг. Иймээс энэхүү эмхэтгэл нь хуулийн байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаач нарын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх үйл ажиллагаанд ашиглах эх сурвалж болж байгаагаараа давуу талтай.

Тус яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газраас өчигдөр “Монгол Улсаас бусад улстай байгуулсан эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, номын танилцуулгыг хийсний зэрэгцээ хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд гардуулсан аж.

Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгж хариуцсан дарга нар оролцсон байна.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ