Хүүхэд хамгааллыг сайжруулах төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ХНХ-ын дэд сайд С.Зулпхар Японы Хүүхдийг ивээх сангийн Олон Улсын хөтөлбөрийн захирал Майко Фүжи, Монгол дахь хөтөлбөрийн менежер Л.Баян-Алтай нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг
нэмэх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад
чиглэсэн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ХНХЯ, БШУЯ, Японы Хүүхдийг ивээх сан хамтран сургууль, дотуур байрыг түшиглэн багш сургуулийн ажилтан, эцэг эхчүүд хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар дэмжихэд чиглүүлэх, сургууль, хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулах, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Мөн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Чи ганцаараа биш” аяны хүрээнд 375 байгууллагын 26148 ажилтан, 22305 эцэг эх, 64300 сурагч, цахимаар 323919 хүн мэдээлэл авч, нийт 117178 иргэн хамрагдан, хүчирхийлэл мөлжлөгийн хэлбэрүүдийг таньж мэдэх, өөрийгөө, найз нөхдөө, хүүхдүүдээ хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ойлголт мэдээлэлтэй болжээ.
Цаашид хамтын ажиллагааг идэвхжүүлж, илүү үр дүнтэйгээр хүүхэд хамгааллыг сайжруулахад хүчин
чармайлт гарган ажиллахаа талууд илэрхийлснийг ХНХЯ мэдээллээ.