Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-12-14 17:26:30

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд манай улсад “Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.


Нийслэл Улаанбаатар хотыг унд, ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах зорилготой дээрх хөтөлбөрөөр Монгол Улсын усны салбарт гурван төслийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд:

  • Ус гүн цэвэршүүлэх байгууламж барьж, ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах,
  • Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих,
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслүүд орж байгаа юм.

Дээрх үндсэн 3 цогц төсөл бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамж 80 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Төслүүдийн нэг Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын үйл явцыг Монголын Мянганы сорилтын сан (ММСС)-гаас өчигдөр сэтгүүлч нарт газар дээр нь танилцуулав.


Үйлдвэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төв цэвэрлэх байгууламжийн хажууд, баруун талд барьж байна. Учир нь Ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр усыг дахин боловсруулж, ДЦС-уудын техникийн хэрэглээг хангах зориулалтаар нийлүүлэх юм.


Ингэснээр жилд 18 сая шоо метр гүний цэнгэг усыг хэмнэж, хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ гэдгийг ММСС-гийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл мэдээллээ. Төсөл хэрэгжсэнээр манай улс хаягдал усыг анх удаагаа эрчим хүчний салбарт ашиглана. Ингэснээр газрын гүний цэвэр усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг бууруулна гэдгийг тэрбээр тодотгож хэллээ. Тодруулбал, гүний цэнгэг усыг унд ахуйн болон аж ахуй, эдийн засаг, нийгмийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлэх аж.

Одоогийн байдлаар Ус сувгийг удирдах газар Ус хангамжийн нэгдсэн системээс 55 сая шоо метр усыг нийлүүлж байна. Төсөл хэрэгжснээр 50 сая шоо метр усыг дахин нэмж нийлүүлэх хүчин чадал бүхий эх үүсвэрүүд ашиглалтад орох аж.


Олон улсад АНУ болон Европын орнууд хаягдал усыг эрчим хүчний салбартаа түлхүү ашигладаг туршлагатай. Манай улс 2025 оноос эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг түлхүү ашиглаж эхлэх нь.


Төслийн онцлогоос шалтгаалаад үйлдвэрийн барилга байгууламж нэлээн гүн суурьтай болж байна. Ийм учир тухайн орчин нөхцөлд хөрсний усыг механик байдлаар доошлуулах ажлыг хийж дуусаж байгаа хэмээн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “М-Си-Эс проперти” ХХК-ийн төслийн менежер О.Батзориг танилцуулав. 


Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн технологийн зураг төслийг Франц улсын, салбартаа дэлхийд тэргүүлэгч “Egis Water and maritime” болон Veolia Water Technologies” компаниуд хийж байна. Эдгээр компаниас нийлүүлэх техник, тоног төхөөрөмжөөр бохир, хаягдал усыг шүүж тунгаан, цэвэршүүлэн халдваргүйжүүлэх зэрэг үйлдвэрлэлийн процесс явагдах аж.


ММСС-гийнхан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барихаас гадна Улаанбаатар хотын усан хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн байдлыг судлах, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орсны дараа тус үйлдвэрийг хариуцан ажиллаж, менежментийг аваад явах Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулж, инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлыг давхар хийж байна.


Судалгаагаар Улаанбаатар хотын усан хангамжийг ойрын хугацаанд нийлүүлээгүй тохиолдолд усны эрэлт нийлүүлэлтийн хэмжээ тэнцэж буй нь гарчээ. Энэ нь ус хангамжийн асуудлыг шийдэхгүй бол нийслэлчүүдийн ус хангамж дутагдах болж буйн дохио юм гэдгийг ММСС-гийн төслийн менежер Б.Батдэлгэр хэллээ.


“Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн нийт хөрөнгө оруулалт 461.76 сая ам.доллар бөгөөд үүний 350 сая ам.долларыг АНУ-ын буцалтгүй тусламжаар, 111.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх юм. Манай улс өөрийн хариуцсан дээрх санхүүжүүлэлтийг 2024 оны улсын төсөвт тусган суулгаад буйг Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийг танилцуулах үеэр мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ