ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-27 15:41:30
@ShoovdorBatbold

БААРАНГИЙН ПҮРЭВДАШ

(1951-2023)

Бидний хамтран зүтгэгч, Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Баарангийн Пүрэвдаш өвчний улмаас таалал төгсөж МОНЦАМЭ агентлаг, Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз тохиолоо.


Б.Пүрэвдаш нь 1951 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн, 1969 онд бүрэн дунд сургууль төгсөж, улмаар ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуульд элсэн сэтгүүлч мэргэжил эзэмшсэн юм. Тэрээр Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооноос ажлын гараагаа эхэлсэн цагаас хойш ухамсарт амьдралынхаа ихэнх хугацааг Монголын сэтгүүл зүйн гал тогоонд өнгөрүүлсэн чадварлаг сэтгүүлч, редактор, мэргэшсэн удирдагч байлаа.


Б.Пүрэвдаш нь 1975 оноос МРТУХ-ны Радиогийн гадаад нэвтрүүлгийн редакцид сурвалжлагч, редактор, Хариуцлагатай редактор, 1977 оноос МАХН-ын Төв Хорооны зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, 1990 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Нэгдүгээр орлогч эрхлэгч, 1996 оноос мэдээлийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал, 1996 оны сүүлчээс 2000 он хүртэл Монголын анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины уран бүтээлийн нэгдлийн дарга, 2000-2011 онд Монголын Үндэсний Радиогийн захирлаар ажиллаж байв. Мөн тэрээр 1986 онд ОХУ-ын Нийгмийн ухааны академид түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, “Нартай өдрийн дурдатгал”, “Шилмэл бүтээлүүд” зэрэг өгүүллэг, нийтлэлийн ном туурвиж олны хүртээл болгосон уран бүтээлч, зохиолч хүн байлаа.


Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа Б.Пүрэвдаш нь агентлагийн мэдээ мэдээлэл, нийтлэлийн бодлогод зохих шинэчлэл хийж албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэсэн юм.


Б.Пүрэвдашийн хөдөлмөрч, эгэл даруу, хүнлэг нөхөрсөг зан чанар, элэгсэг дотно дүр төрх, бүтээн туурвих үлгэр дууриалал нь хамтран зүтгэгчид, найз нөхөд бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.


Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн удирдлага, хамт олон

Холбоотой мэдээ