БАЯН-ӨЛГИЙ: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж шинээр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-29 14:40:12

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын 2018 оны ээлжит VI хуралдаанаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцуудыг оршин суугчдын саналыг үндэслэн буулгаж, шинээр барих ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад зөвшөөрсөн байдаг.


Тус шийдвэрийн хүрээнд "Цамбагарав констракшн" компани өнгөрсөн онд Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай нийтийн зориулалтын 1-24 айлын орон сууцны хэсэг болох 103-12 дугаар айлын орон сууцыг буулгаж, оронд нь 9 давхар орон сууц барьсан байна.


Харин өнгөрсөн долоо хоногт аймгийн ЗДТГ-аас Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх 12 айлын орон сууцыг буулгаж, шинээр барих сонгон шалгаруулалт зарлалаа.


Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд холбогдох ажлын болон зургийн даалгаврын дагуу төсөл боловсруулж, ирэх сарын 9-ний өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т ирүүлэх ажээ.


Ташрамд, орон нутгийн удирдлагууд Өлгий сумын 5, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1-36, 1-24, 2-36 айлын болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны дэргэдэх 1-15 айлын орон сууцыг буулгах, шинээр барихаар төлөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ