ХОВД: Дөргөн сумынхан тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн малчид энэ жил 3 сая 194 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс 30.7 мянган толгой мал нь тэмээн сүрэг
юм.
Нутгийн
онцлог, цаг уурын төлөв байдлаас шалтгаалан тэмээн сүргийг түлхүү үржүүлж
байгаа сумдын нэг бол Дөргөн.
Энэ
жил Дөргөн сумын малчид 6800 гаруй тэмээ тоолуулсан нь Ховд аймагт үржүүлж
буй нийт тэмээний 23 хувийг эзэлж байна.
Дөргөн сумынхан сүүлийн 20 орчим жил тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа тэргүүлж буй. Тэр дундаа Сээр баг хамгийн их тэмээтэй.
Удам
дагасан малч ухаан, нүүдэлчин уламжлалыг үргэлжлүүлэх, өв соёлын хэлхээг
сэргээх, хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, ЗДТГ, Сээр
багийн малчид хамтран "Тэмээ
нутгийн чимэг-2024" тэмээчдийн баяр зохион байгууллаа.
Малчид
идэр есийн хүйтэнд, их цасан дунд ер ажрахгүй, байгалийн хатуу ширүүн
аашийг хатамжлан сөрж, атан тэмээний уралдаан, шилмэл буур шалгаруулах, буухиа
тэмцээн гэх мэт дөрвөн төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.
Энэ
үеэр тус сумын зарим малчинтай уулзаж, тэмээ өсгөх арга туршлагаас нь сонирхлоо.
Дөргөн
сумын Сээр багийн малчин М.Дорж хэлэхдээ: "Би 1960 оноос эхлэн нэгдлийн тэмээ
хариулсан. Одоо Сээр багийнхаа нутагт 100 гаруй тэмээ өсгөн үржүүлж, ашиг
шимийг нь хүртэж сайхан амьдарч байна. Миний хувьд тэмээг хонь шиг л гардан хариулдаг.
Тэмээнд
олон давуу тал бий. Алсын замд 70 хоног өл даадаг. Машин, техник
очих ямар ч боломжгүй газарт малчид тэмээгээр нүүдэл хийдэг. Алсын замд хамгийн
найдвартай унаа болдог. Өвөл, зунгүй сааж, сүү саалийг нь
ашигладаг. Ингэний сүүгээр ааруул, хоормог хийнэ, эрүүл мэндэд их ашиг тустай. Тэмээний ноосоор төрөл бүрийн гэр ахуйн хэрэглэл, олс
болон дээс томохоос гадна хувцас, хөнжил хийх боломжтой.
Тэгэхээр залуус тэмээгээ аль болох гардан
хариулж, уналга эдэлгээнд зөв сургаж, тэмээнээс авах ашиг шимийг
нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй" гэв.
Дөргөн сумын Сээр багийн малчин Д.Цагаач хэлэхдээ:
"Манай суманд тэмээчдийн баяр өргөн дэлгэр болж байна. Би шилмэл буур шалгаруулах уралдаанд оролцлоо. Миний хувьд 15 жил нэгдлийн тэмээ хариулсан. Миний ээж тэмээчин хүн байсан бөгөөд захиргаадалтын үед эмнэг сургалтын спортын мастер цолоор шагнуулж байсан юм. Харин би 1985 онд 80 тэмээ, 60 гаруй эмнэг адуу сургаж, спортын мастер цол авч байлаа.
Нэгэн үе тэмээ ховордож, тэмээ хариулах малчдын тоо цөөрсөн. Харин сүүлийн жилүүдэд тэмээг өсгөж хариулах малчид нэмэгдэж байгаад баяртай байна. Тэмээг уналга ачилгад хэрэглэх, сургах, өв соёлоо хадгалан авч үлдэх нь малчдын хөдөлмөрөөс шалтгаална, хөдөлмөр л мэднэ дээ" хэмээв.
Дөргөн сумын хамгийн олон тэмээтэй малчин бол Д.Даваанаадай
ХХААХҮЯ,
МҮОНРТВ-ээс шалгаруулдаг "Алтан төлийн эзэн" буюу "Алтан
ботгоны эзэн"-ээр 2023 онд Дөргөн сумын Сээр багийн малчин, аймгийн аварга
малчин өрх Д.Даваанаадайгийн гэр бүл шалгарч байжээ.
Д.Даваанаадай
гуай 300 гаруй тэмээтэй. Сүүлийн 2-3 жил тэмээнийхээ тоогоор сумандаа тэргүүлж
байна. Мөн
аймаг, орон нутгаас зохион байгуулдаг "Ганган тэмээ",
"Шилмэл буур" зэрэг уралдаанд амжилттай оролцож, өв соёлоо
сурталчлан таниулж иржээ.
Тэрбээр хэлэхдээ, "Тэмээ бол таван
хошуу мал дотроос зуд болон ганд хамгийн тэсвэртэй амьтан. Нутгийн онцлог, бэлчээр, ургамлын төлөв байдлаас
шалтгаалан тэмээн сүргийг түлхүү үржүүлж, тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд
анхаарч байна.
Би
үе удам залган тэмээ хариулсан, тэмээнд их хайртай. Алсын замд тэмээ унах, нар
жаргахын алдад уул толгодын орой бэлээр (дуу аяланхан) тэшүүлэхэд үнэхээр сайхан" гэж хуучиллаа.
Дөргөн сумын Засаг дарга Л.Цэдэн-Иш: "Манай сумынхан хоёр жилд нэг удаа Тэмээний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн баярын хүрээнд 100 ба түүнээс дээш тэмээтэй 11 малчинд хүндэтгэл илэрхийлж, шагнаж урамшууллаа.
НҮБ-аас 2024 оныг Олон улсын тэмээний жил болгон зарласан. Энэ хүрээнд бид хос бөхт тэмээг өсгөх, тэмээн соёл уламжлалыг хадгалж хамгаалах, орон нутгийн тэмээчдийг дэмжих ажлыг чухалчилж байна.
Манай аймаг “Тэмээ өсгөх, чанарыг сайжруулах, бойжуулсан ботгонд мөнгөн урамшуулал олгох” журмыг баталж, тэмээчдийн холбоо байгуулсан зэрэг нь нутгийн тэмээчдийн талархлыг хүлээж байгаа.
Үүнээс гадна Дөргөн сумын хувьд 2013 оноос эхлэн "Тэмээ өсгөх" хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 2021 онд нутгийн шилмэл тэмээн сүргээ омог болгох ажлыг эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд судалгааны ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Одоо тэмээний генетикийн судалгааг үргэлжлүүлэн хийнэ.
Энэ удаа "Тэмээ нутгийн чимэг-2024" тэмээчдийн баярт Дөргөн сумын малчдаас гадна Увс аймгийн Завхан сум, Ховдын Манхан, Мянгад, Чандмань сумаас малчид оролцсон нь тэмцээний цар хүрээ өргөжиж байгааг харуулж байна. Тэмээний уралдаанд л гэхэд таван сумын 30 гаруй тэмээчин оролцлоо. Тэмээний өв соёлоо хадгалан авч үлдэх зорилгоор залуу малчдын дунд буухиа тэмцээн мөн зохион байгуулсан. Энэ үеэр малчид тэмээнд ачаа ачих, буйл зорох зэргээр өрсөлдсөн" хэмээн ярив.
Тэмээн
сүргийнхээ тоогоор орон нутагтаа тэргүүлж буй Дөргөн сум ийнхүү тэмээчдийн баяраа амжилттай зохион
байгууллаа. Тус үйл ажиллагаа Дөргөн сумын төвөөс 20 орчим км зайд орших Мэргэний
гануу хэмээх газарт өрнөсөн юм. Энд ойролцоогоор 1000 орчим тэмээ цуглажээ.