СЭЛЭНГЭ: Мөсөн сурын харвааг олон улсад дэлгэрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Дааган дэл хэмээх ариун дагшин
газар Мөсөн сурын олон улсын нээлттэй харваа 2 дахь жилдээ сар шинийн өмнөхөн
болсон байна.
Энэхүү “eruu cup” Олон Улсын тэмцээний
цуваа харваанд ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын
өнцөг булан бүрээс 150-иад харваач оролцож, онч мэргэнээ сорин өрсөлджээ.
Мөсний сурын харваа нь эрт үеэс уламжлан
өвлөгдсөн төдийгүй орчин үед ч хөгжсөөр байгаа юм.
Монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр
чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх, бие бялдрын хөгжил,
төлөвшлийн хэрэглүүр болсоор иржээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025
оныг Монголд зочлох жил болгон зарлах тухай тогтоол, Сэлэнгэ аймаг 2024 оныг
“Аялал жуулчлал, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарласан жилийн хүрээнд
өвлийн аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, хөгжүүлэх.
Цаашлаад Монголын үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг болсон
Мөсөн сурын харвааг Монгол хүний бие бялдар оюун ухаан, ёс суртахууныг
төлөвшүүлэх, Олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ерөө сумын ИТХ-аас санаачилсан
байна.
Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ИТХ, ЗДТГ, Монголын
мөсөн сурын холбоо, Ерөө сумын “Хан буурагчингийн мэргэд" харваачдын
холбооноос хамтран зохион байгуулжээ.