БАЯН-ӨЛГИЙ: 12 байгууллага нэг цэгээс төрийн үйлчилгээ үзүүлж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-19 16:57:25

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын хоёрдугаар байр буюу төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборт Нэг цэгийн үйлчилгээний төв байгууллаа.


Өлгий хотод улсын төсвийн 9,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төрийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын барилга барих ажлыг 2019 онд эхлүүлж, өнгөрсөн оны гуравдугаар сард ашиглалтад оруулсан.


Зургаан давхар, 7500 ам.метр талбайтай, 200 хүний суудалтай хурлын заал, зочид буудал, зоогийн газартай уг барилгыг ашиглалтад оруулснаар өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Орон нутгийн өмчийн газар, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Архивын тасаг, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба, Насан туршийн суралцахуйн төв, Цагааннуурын чөлөөт бүс, Нийгэм эдийн засгийн судалгааны төв зэрэг 20 гаруй байгууллага /300 орчим ажилтан/ иргэдэд нэг дороос үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн юм. 


Харин энэ сарын 18-ны өдөр тус төвийн нэгдүгээр давхарт Нэг цэгийн үйлчилгээний төв байгуулж, одоогоор 12 төрийн байгууллагын ажилтнууд иргэдэд төрийн үйлчилгээ хүргэж эхлээд байна.


Цаашид тухайн газарт арилжааны банкуудын бэлэн мөнгөний автомат машин (АТМ), киоск машинуудыг байрлуулна гэдгийг нээлтийн үйл ажиллагаанд оролцсон аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн ЗДТГ-ын газрын дарга Б.Мухамед нар онцлов.

Холбоотой мэдээ