ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын Хүүхдийн сангаас өсвөр үе, залуучуудад зориулж цахим номын сан байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-03-27 13:57:52

Говь-Алтай 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтэн Д.Уранчимэг, Хүн амын сангийн өсвөр үе, залуучуудын мэргэжилтэн Х.Баттуяа нар Говь-Алтай аймагт ажиллалаа.


Тэд НҮБ-ын Хүүхдийн сан Говь-Алтай аймагтай 2024-2025 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах ажлын хүрээнд аймгийн удирдлагуудтай ажиллаж, хамтын төлөвлөлтийн талаар зөвлөлдсөн юм. Үүний сацуу “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөлт, хамтын ажиллагааны асуудлаар Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, тасгийн эрхлэгч нартай ажиллаж зөвлөн туслалаа.


Мөн зудын хүндрэлтэй цаг үед 13 сая төгрөгийн шатахууны дэмжлэг, 50 ширхэг хүүхдийн эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгсөн бол аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын газарт аюултай хог хаягдал устгах өндөр хүчин чадал бүхий хогийн автоклабуудыг нийлүүлж /нийт төсөвт өртөг 480,8 сая.төгрөг/ орон нутагт суурилуулалт, ашиглалтын зардлыг хариуцахаар шийдвэрлэлээ.


НҮБ-ын Хүн амын сангаас өсвөр үед ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ЕБС-ийн эрүүл мэндийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох үнэлгээг Боловсролын ерөнхий газартай хамтран хийсэн юм. Улмаар үнэлгээний дүнд сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөр болон сургуульд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх ба өсвөр үе, залуучуудад цахим номын сан байгуулах төслийг танилцуулсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ