ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд, залуусын санхүүгийн мэдлэг ойлголтыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-02 11:42:33

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. 12 дахь жилдээ өрнөж байгаа “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд хүүхэд, залууст санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох тодорхой ажлуудыг орон нутагт зохион байгуулж байгаа тухай Монголбанкны Говь-Алтай салбараас мэдээллээ.


Дэлхийн  мөнгөний долоо хоног аян нь 2012 оноос хойш олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас жил бүр уриалж, нийт 176 орны 40 416 байгуулллага зохион байгуулж ирсэн уламжлалтай.


Энэхүү аян нь хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн үндсэн ойлголт мэдлэгтэй болгох, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн оновчтой ухаалаг шийдвэрийг гаргаж сурах, гэр бүл болон нийгэмд мэдлэгээ хуваалцах үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулдаг олон улсын үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл бага наснаасаа мөнгийг ухаалгаар зарцуулах, зөв хэвшил дадал, ур чадварыг бий болгохыг зорьдог.


“Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны уриа болон “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” гэсэн нь хувийн санхүүдээ хариуцлагатай хандаж, санхүүгийн салбарт гарч болзошгүй эрсдэлийг ухамсарлаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө хамгаалахын чухлыг онцолж байна. Залуучууд санхүүгийн мэдлэг, туршлага багатай учраас санхүүгийн луйвар, залилангийн гэмт хэргийн хохирогч болох магадлал их байгааг Говь-Алтай аймаг дахь Монголбанкны захирал А.Ганчимэг анхааруулан хэллээ.


Холбоотой мэдээ