"Барселона"-тай хийсэн Мессигийн анхны гэрээ 965 мянган ам.доллароор зарагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-05-18 10:24:15

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 18 /AP/. Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси Испанийн “Барселона” клубтэй байгуулсан анхныхаа гэрээг салфеткан дээр бичиж байсан бөгөөд уг салфетк дуудлага худалдаагаар 762.4 мянган фунт стерлинг буюу 965 мянган ам.доллароор зарагджээ. Энэ тухай Их Британийн дуудлага худалдааны “Bonhams”  ордон мэдээллээ. 


Лионель Месси 2000 оны 12 дугаар сарын 14-нд “Барселона”-тай анхны гэрээгээ байгуулжээ. Тухайн үед хөлбөмбөгчин 13 настай байв. Тэрбээр 2003-2021 оны хооронд тус клубт тоглох хугацаандаа 10 удаа Испанийн аварга болж, Испанийн Супер цомд 8 удаа, Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 3 удаа түрүүлсэн юм.


2021-2023 онуудад Л.Месси Францын "ПСЖ" клубт хүчин зүтгэсэн бөгөөд Францын хоёр удаагийн аварга, тус улсын супер цомын эзэн болжээ. Тэрбээр одоо Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн “Интер Майами” клубт тоглож байна. Өнгөрсөн онд Л.Месси оны шилдэг тоглогчдод олгодог “Алтан бөмбөг” шагналыг найм дахь удаагаа хүртсэн билээ.

Холбоотой мэдээ